Хөвсгөл аймгийн онцлог бол зургаа дахь хошуу мал болсон цаан сүрэг юм. Сүүлийн жилүүдэд цааны тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж сар шинийн босгон дээр хоймор нутгаас анх удаа “Улсын аварга цаатан” тодорлоо гэж Цагааннуур сумын Засаг дарга Ч.Давааням мэдээллээ.
“Улсын аварга цаатан”-ы саналыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт орон нутгийн зүгээс уламжилж, холбогдох газруудад хүргүүлснээр анх удаа цаатануудаас Улсын аварга тодорсон байна.
Цагааннуур сумын иргэн Чулууны Батбаяр энэ онд 147 цаа тоолуулж, сүүлийн жилүүдэд цаан сүргийг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч ажилласан үзүүлэлтээр Монгол Улсын аварга цол хүртжээ.
Тэрээр 2015 онд сумын аварга, 2016 онд аймгийн аварга цаатан болж байсан юм. Тэрээр жил бүр цаан сүргээ өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч отор нүүдэл тогтмол хийдэг төдийгүй цөөн цаатай айлыг цаажуулж ирсэн ажээ.