Нүүр хуудас Нийгэм УОК: “Улбар шар” зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

УОК: “Улбар шар” зэрэглэлийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгана

32
0

Ковид19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Эрүүл мэндийн яамны зүгээс 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргаад буй.

Харин Улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр ” улбар шар” түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хадгалах шийдвэр гаргажээ.

Гэхдээ халдвар эрчимтэй нэмэгдэж буй хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудад цагийн зохицуулалт хийж, 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байх тал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд илүүтэй анхаарч ажиллах зөвлөмж гаргахаар шийджээ.

УОК, Засгийн газрын зүгээс аль болох иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр, зохион байгуулалтыг зөв хийх замаар халдварын тоог бууруулахад анхаарч ажиллана. Эдгээр асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Шадар сайд С.Амарсайхан “ Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар ажиллах, халдвар хамгааллын дэглэм чанд сахих нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөнд байна. Улаанбаатар хотод хороо дүүргээр голомтолсон төлөв байдал ажиглагдаж байгаа учир гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарлах эсвэл иргэн өөрөө гэртээ байхгүй гэж үзвэл эмнэлэгт тусгаарлана. Эрсдэл өндөртэй зорилтот бүлэг рүү анхаарч, эрүүл мэндийн байгууллагад тусгаарлах асуудал яригдаж байна. Цаашид хэсэгчилсэн хөл хориог 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. Үйлдвэр үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгож нааш татна” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Вакцины нөөц хангалттай юу?

-Вакцины нөөц дуусаагүй. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг дархлаажуулсан. Одоо 240 мянган хүн тун вакцин бий. Цаашид ч вакцины татан авалт үргэлжилнэ. Биднээс шалтгаалахгүйгээр саатах асуудал гарахгүй бол вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явна. Ирэх долоо хоногт 65 наснаас дээш ахмадуудад вакцинжуулалт хийнэ. Вакцины дараагийн татан авалт дөрөвдүгээр сард эхэлнэ.

Халдварын тархалт хоногт 200 даваад байхад хатуу хөл хорио тогтоохгүй байгаагийн учрыг тайлбарлаач?

-Шинэ засгийн газар бүрэлдээд тал талын тоо баримт дээр тулгуурлаж мэдээллээ гаргаж байна. Халдварын тоо ихсэж байгаа цаашдаа ч нэмэгдэнэ. УОК, Засгийн газар цаг үеийн нөхцөл байдалтай зохицуулж, арга тактикаа өөрчилж ажиллаж байна. Энэ цаг үеийн эрсдлийг бид урьдчилан харж, тусгайлсан дүрэм журмуудаа боловсруулж, голомтод тархсан шинжилгээнүүдээ хийсэн.

Өнгөрсөн хугацаанд хэдэн хүүхэд Ковид19-ийн халдвар авсан бэ?

-Дотоодод халдвар тархсанаас хойш 747 хүүхэд халдвар авсан. “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнтэй болж 36 нуугдмал голомтоос 219 халдвар илрүүлсэн.

Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах үүднээс арга хэмжээнүүдийг балансжуулж авч явах ёстой. Хатуу хөл хорио гэдэг бол иргэдийнхээ хөдөлгөөнийг хорихоос гадна эдийн засгийнхаа хөлийг хорино гэсэн үг. Аль болох энэ нөхцөл байдалд очихгүй байх ёстой. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд бид бүгдээрээ хамтдаа халдварын тархалтаас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй.

Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа. Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгоод байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here