Нүүр хуудас Нийгэм Уул уурхайгаас бусад салбарын бизнесийг дэмжинэ

Уул уурхайгаас бусад салбарын бизнесийг дэмжинэ

601
0

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” төсөл Увс аймагт хэрэгжиж байна. Тус төсөл нь аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт уул уурхайгаас бусад эдийн засгийн салбарт ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, бизнесийг нь хөгжүүлснээр тухайн орон нутгийн эдийн засгийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
Тус төслийн “Бизнес төрөлжүүлэлт” хөтөлбөр нь амжилттай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг өргөжүүлэх, өөр төрлийн нэмэлт үйл ажиллагаа эрхлэх санаачлагыг нь дэмжих, чадавхийг бий болгох, шаардлагатай бичиг баримт боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар төслийг нь санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх зорилготой юм байна. Бизнес эрхлэгчдэд сайхан бизнес санаа байдаг боловч, ихэнх тохиолдолд төсөл төлөвлөгөөгөө боловсруулахад цаг хугацаа, чадвар дутагддаг, төслөө амьдралд хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр олоход бэрхшээл тулгардаг аж. Энэ хөтөлбөрийн гол давуу тал нь оролцогсод хөтөлбөрийн эцэст банкны шаардлага хангасан төсөлтэй болж, олон улсын хөнгөлөлттэй зээлд өрсөлдөх гарцтай болох юм байна. Мөн нэгдсэн байдлаар тус бизнесийн төслөө банкуудад танилцуулах боломж үүсэх аж.
“Бизнес Төрөлжүүлэлт” хөтөлбөр нь Увс аймагт 2017 оны 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногт эхэлж, 2018 оны хоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх юм байна. Оролцогсод эхлээд онолын хичээлд сууж, сургагч багш нараас чиглэл заавар авсны үндсэн дээр өгөгдсөн хугацаанд зах зээлийн судалгаа, санхүүгийн тооцоолол, бизнес төлөвлөлт, банкны зээлийн төслөө өөрөө биечлэн боловсруулж суран, банкны болон олон улсын хөнгөлөлттэй зээлийн төслийн эх үүсвэрийн төлөө өрсөлдөх боломжтой болох юм. Сургалтанд оролцох бүртгэлийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” төслийн Увс аймаг дахь төлөөлөгч Б.Энхбаяр хийж байна. Хөтөлбөрт оролцоход үнэ төлбөргүй боловч Улаанбаатар хотод болох нэг удаагийн семинар, туршлага судлах арга хэмжээнд өөрийн зардлаар очиж оролцох аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here