Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.
Азийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Монголын уламжлалт соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэгч ардын авьяастнууд, Монгол нутгийг минь зорьж ирсэн Азийн ардын урлагийн уран бүтээлчид, зочид, төлөөлөгчдөд Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” хэмээн тодорхойлсон гэдгийг тэмдэглэлээ.
Үндэсний хэл бичиг, түүх, уламжлалт ёс заншил, өв соёл, урлаг бол улс орны оршин тогтнох дархлаа бөгөөд даяаршлын түрлэгийн энэ үед бусдаас ялгарахонцлог болох юм. Иймд Монгол Улсын Засгийн газар энэ наадмыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулж, Монголын болон Азийн ахуй, соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулахад онцгой анхаарч ажиллах болно гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ардын урлагийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож байгаа төр, олон нийтийн болон олон улсын байгуулага хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ их наадам бол ард иргэдээ “Соён гэгээрүүлэх” аяны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм гэдгийг онцоллоо.