Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн Булган сумын Булган голын усны түвшин нэмэгдэх үед ялангуяа хаврын шар усны үер, зуны үргэлжилсэн хур бороо, намар ус хөлдөх үеэр хүн, мал, айл өрхүүд усанд автахаас эхлээд багагүй хүндрэл үүсдэг байсан.
Тэгвэл сум орон нутгийн удирдлагуудын санаачлага, багийн иргэдийн хамтын хүч, хөрөнгө оруулалтаар 3 багийн нутагт гүүр тавьж малчдад хүлээлгэн өглөө.
Өөрөөр хэлбэл сумын төвөөсөө 12-65 км алслагдсан Булган сумын Байтаг багийн “Шуудай”, Алагтолгой багийн “Яам” гэх газруудад малчид, мал, мотоцикль, ачаатай тэмээ гарч болохуйц 12-25м-ийн урттай 1,20 метр өргөнтэй 2 гүүрийг барьж ашиглалтанд оруулан малчдадаа хүлээлгэн өглөө. Түүнчлэн Баянгол багийн “Тошилтын ам” хэмээх газар мөн ийм хэмжээний гүүр барьж байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байв.
10 гаруй жил яригдсан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх гүүрүүдийг Булган сумын ЗДТГ, Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран тус бүрийг нь 15-20 сая төгрөгийн өртөгтэйгөөр, багийн иргэдийн хүч хөдөлмөрөөр барьсан байна.
Энэхүү гүүр баригдсанаар Булган сумын Байтаг, Алагтолгой, Баянгол, Баянсудал багуудын 530 өрхийн 2700 гаруй хүн, 100 гаруй мянган толгой мал хавар намар ялангуяа үер усны үед аюулгүй зорчих боломжтой болж байгаа нь сайшаалтай юм.