Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд дүүргүүд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр танилцуулгынхаа эхэнд дүүргийнхээ хүн амын өсөлтийг тоон дүнгээр танилцууллаа. Тус дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон байна. Өнгөрсөн онд “Эко дүүрэг” болох зорилт тавьсан тэдний ажлыг НИТХ-аас “Бүрэн хангалттай” хэмээн дүгнэжээ.
Дүүргийн нэгдүгээр хороонд 1600 ам метр талбайг цэцэрлэгжүүлж, усалгааны систем байрлуулсан байна. Мөн 13 дугаар хороонд “Янгирт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, усан оргилуур шинээр байгуулан 3600 ам метр талбайд ногоон байгууламж зүлэгжүүлэлт хийж, 10 төрлийн 65 ширхэг амьтны баримал хийж байршуулжээ. Энэ онд 4 байршил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Дүүрэгт шинээр 434 гэрэлтүүлэг, 1052 ширхэг камер суурилуулсан байна. Мөн хог хаягдал ангилан ялгах ажлыг санаачлан УБ хотын ЗАА-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж үр дүнд хүрээд байгаа аж.
Эхний шат буюу сургууль цэцэрлэгүүд хог хаягдлаа ангилан ялгаж хэвшсэн байна. Одоо удаах шат буюу дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Хан-Уул дүүрэг төрийн үйлчилгээ сайжруулах ажлын хүрээнд “CALL CENTER” буюу дуудлага мэдээллийн 77771965 утас ажиллуулжээ. Өнгөрсөн онд 16 мянган дуудлага хүлээн авч хариу өгсөн байна.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнгөрсөн онд хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаа танилцуулснаас гадна шийдвэрлүүлэх ажлаа танилцуулсан юм.
Тус дүүрэгт хүн амын тоо, нягтаршил, байршил, газарзүйн зохион байгуулалт зэрэгтэй уялдуулан хороо хуваах, шинэчлэн зохион байгуулах шаардлагтай байгаа аж. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү саналыг дэмжсэн байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс