Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилга гаргасан.
2018 оны долоодугаар сард зүүн бүс дэх Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажлыг иргэдийн оролцоотой хийсэн билээ.
Ийн эхний ээлжинд Хэрлэн голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, 105 тн хог түүсэн. Тэгвэл энэ санаачилгад эко клубын хүүхдүүд нэгдэхээр болжээ.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран “Хоггүй Хэрлэн гол” кампанит ажил зохион байгуулж, Хэрлэн гол урсаж өнгөрдөг Дорнод, Хэнтий аймаг, Багануур дүүргийн сурагчдад хүүхдийн оролцоотой хог хаягдалтай тэмцсэн олон улсын туршлага, кампанит ажлын үр дүнг танилцуулжээ.
Үүний дараа эко клубын сурагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хог хаягдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулсан байна.