Монгол улсын хэмжээнд хэрэглэгчийн эрхийн асуудалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх хэрэглэгчийн эрхийн төлөв байдлын судалгааг анх 2010 онд хийсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл хийгдээгүй байдаг.
Харин энэ онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх ажлын хүрээнд Агентлагийн даргаас ажлын хэсэг байгуулан ажиллаж “Монгол Улс дахь хэрэглэгчийн эрх хамгаалалтын төлөв байдлыг тогтоох судалгаа”-г Үндэсний статистикийн хорооны “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-тай хамтатган жил бүр хийхээр боллоо.
“Хэрэглэгчийн эрхийн төлөв байдал”-ын судалгаа нь хэрэглэгчийн эрх ямар түвшинд хангагдаж байгаа, нийгэмд хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй ямар хэлбэрүүд оршиж байгаа, аль салбарт хэрэглэгчийн эрх илүү зөрчигдөж байна, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа, иргэдийн хэрэглэгчийн боловсрол, соёлын түвшинг тодруулах зэргээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой ажил болох ажээ.