Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урлаг, соёлын газруудын үзвэр үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэж байна.
“Царцаа Намжил” хүүхдийн жүжиг
Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулах, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор УДЭТ-ын уран бүтээлчдийн БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл”-ийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тайзны бүтээл болоод буй. Эл бүтээл УДЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болно. Тасалбар нь 8000 төгрөг байх юм. Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлнэ.
“Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг
Хүн бүхний танил дэлхий дахинд алдартай “Цасангоо” хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн “Цасангоо ба долоон одой” бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоогийн дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ. Энэхүү бүжгэн жүжгийг зургадугаар сарын 01-нд 11.00, 14.00, 16.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа тоглоно. Тасалбар нь 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй аж.
“Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” хүүхдийн жүжиг
Эвтэй найрамдалтай амьдардаг амьтдын ойд Бүлтээхэй Дэлдээхэй хоёр бүжин амьдардаг байжээ. Бүлтгэр нүдтэй Бүлтээхэй бушуухан том болоод хөөрхөн мисс туулай болох юмсан гэж бодож мөрөөднө. Тэр ч бүү хэл Эрвээхэй шиг болно гэж бодно. Харин Дэлдээхэй бушуухан том болоод булчин шөрмөс нь товойсон жентельмэн туулай болохыг мөрөөднө. Хоёр бүжин шидэт цэцэг дэлгэрч жимсээ гарахад ганцхан долооход хүсэл нь биелэх байтал шуналтайгаар долоож хөгшин муухай туулай болдог. Хүүхдүүдээ шунал ихэдвэл ямар болдог вэ, гэмээ ойлгоод алдаагаа засвал ямар вэ гэдгийг эл жүжгээс үзээрэй. Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа энэхүү жүжгийг энэ сарын 31, зургадугаар сарын 01-нд 13.00 цагт тус тус тоглоно. Тасалбар нь 15 мянган төгрөг байх бөгөөд бэлэгтэй.
“Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжиг
Ойн чөлөөнд Муур, Хөөндий шувуу, Алтанхан залаат азарган тахиа гурав амьдарна. Намар сэрүүн орж мод түлээгээ бэлдэх цаг ирж муур хөөндий найзаа дагуулан ой руу явах болжээ. Алтан залаат азарган тахиаг гэрээ сайн сахиж байгаарай хаалгаа нээж болохгүй, зальт үнэг чамайг өлхөөн идчихнэ шүү гэж захиад явжээ. Тэр хойгуур зальт шар алтан залаат азарган тахиаг пицца колагаар дайлж, гар утасны тоглоомонд донтуулж, бүр од болгоно гэж ч хуурна. Энэ бүгдэд хууртан үнэгний хоол болох шахдаг алтан залаат азарган тахиаг муур хөөндий хоёр найз авардаг. Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа энэ сарын 29, 30-нд тоглох энэхүү жүжгийн тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй.
“Шидэт алчуур” хүүхдийн жүжиг, хүүхдийн баяр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан “Шидэт алчуур” хүүхдийн жүжиг, хүүхдийн баяр Корпорейт Конвеншн центр-концертын танхимд зургадугаар сарын 1-нд 15.00 цагт эхэлнэ. Тоглолтын тасалбар нь 40 мянган төгрөг бөгөөд байгууллага, хамт олноороо захиалбал хөнгөлөлттэй аж.
“Улаан малгайтын адал явдал” хүүхдийн жүжиг
“Фантастик продакшн”-ы уран бүтээлчид хүүхэд багачуудад зориулан “Улаан малгайтын адал явдал” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн жүжгийг толилуулна. Уг жүжгийг найруулагч Б.Тамир найруулсанб өгөөд М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нарын жүжигчид тоглох юм.
Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 31-нд 13.00, 15.00, 17.00 цагт, зургадугаар сарын 01-нд 13.00, 14.30, 16.00, 17.30 цагт, зургадугаар сарын 02-нд 13.00, 15.00 цагт тус тус тоглох юм. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй.