Нүүр хуудас Нийгэм Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын…

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын…

214
0
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын...
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын...

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Орон тооны бус тус зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд энэ удаагийн  хурлаар 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөө,  салбар болон дэд зөвлөлийн хийсэн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудал, гарц шийдлийг олохоос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын санал, шүүмжлэлийг сонсч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг нь хүндэтгэж оролцоог нь дэмжих, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд бүх салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн ямар бодлого, шийдвэр гарсныг дүгнэн ярилцсан юм.

hugjiliin
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэлэлцлээ

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны 2017 оны тоо мэдээгээр манай улсад 103,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн хөдөлмөрийн насны 73,2 мянган иргэн ажил хөдөлмөр, эрхэлж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод буй юм. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэндээс эхлээд хүртээмжийн асуудалд онцгой анхаарч тодорхой гарц шийдэл  гарган ажиллах шаардлагатай байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ онцолсон юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоогүйгээр шийдвэрлэх ёсгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөх томилж, сайдын зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагын төлөөллийг орууллаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, салбар дундын уялдаа холбоог хангахад тэдний оролцоо, хамтын санаачилга чухал гэж үзэж байна. Асуудлыг хариуцсан яамны хувьд 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжил, оролцоог хангах талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн” хэмээгээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулахаар ажиллаж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын дэд бүтэц, барилга байгууламж, нийтийн тээврийн зогсоол, автобусны үйлчилгээ, явган хүний зам гарц зэрэгт тодорхой стандартыг мөрдүүлэх,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загвар”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам”, “Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам”, “Хөтөч нохойг сургах, ашиглах журам”-ыг баталсан байна. Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд 2017 онд давхардсан тоогоор 227,9 мянган иргэн хамрагдаж нийт 146,9 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хүрээнд 2017 онд Тэтгэврийн даатгалын сангаас 67,9 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 183 тэрбум төгрөгийн, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас 4578 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 23,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосныг сайд мэдээлэлдээ танилцуулсан.
helelts
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэлэлцлээ
Түүнчлэн С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 9-ний 16 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянга, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 155 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 70 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосныг дурдаад “Цаашид нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа талаар би өөрийн байр суурийг илэрхийлж ирсэн. Энэхүү бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны түвшин, бүсүүдийн дундажтай уялдуулж нэмэгдүүлэх талаар тооцоо судалгаа хийж, тодорхой саналын хувилбаруудыг боловсруулж байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг иргэний нийгмийн байгууллагууд нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэх талаар шаардлага, саналууд гаргаж бидэнд ирүүлснийг ч хүлээн авсан. Мөн асаргааны тэтгэмжийн хамрах хүрээг оновчтой тогтоох, хөрөнгийг үр ашигтай зарцуулж, шаардлагатай иргэнд хүргэх зорилгоор байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулан энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн мөрдөнө. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг  нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийх, шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгуулна” хэмээн ярьсан юм.
helelts
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэлэлцлээ

Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийг хамруулахаар хүрээг өргөжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт 2017 онд 5782 иргэн хамрагдаж 3,2 тэрбум төгрөг зарцуулж, 1144 байнгын, 171 түр ажлын байр бий болжээ. Хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудыг оролцуулдаг болсон төдийгүй 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т зарцуулах хөрөнгийг 4.5 тэрбум болгон нэмэгдүүлснээр 6000 иргэн, аж ахуйн нэгж, ТББ-ыг хамруулж 1000-аас доошгүй байнгын, 200-гаас доошгүй түр ажлын байрыг бий болгож, хөтөлбөрийн хэрэгжилт, хяналт гээд бүхий л үе шатанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган ажиллахаа дуулгалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангахад олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг татахад анхаарч ажилласны үр дүнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төсөл, “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж эхэлсэн төдийгүй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт, цогцолбор”-ын техник хамтын ажиллагааны төслийг эхлүүлжээ. Спортын 10 төрлөөр хичээллэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, жилийн турш 200-400 тамирчин тогтмол хичээллэх боломжтой, 200 метрийн тойрог замтай битүү дээвэртэй манеж бүхий гадна талдаа дэлхийн стандартад нийцсэн 400 метрийн замтай, 200 тамирчин  байрлах  зочид буудалтай энэхүү цогцолборыг барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.
helelts
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэлэлцлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах” асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр их хурлыг 2019 онд Монголд  зохион байгуулах тухай мэдээллийг ч С.Чинзориг сайд өгсөн. Олон Улсын энэхүү их хурал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг чухалчилж “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” гэсэн сэдвийн дор болох бөгөөд Ази, Номхон далайн бүсийн 200 гаруй орны төлөөлөл оролцох аж.

Сайдын мэдээллийн дараа зөвлөлийн гишүүд өгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хэрхэн хангах, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцаж байр сууриа илэрхийлэв. Тэд Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, 0-2 насны хүүхдийг эрт оношлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг гаргасан.

helelts
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэлэлцлээ
Тэдний саналыг сонссоны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган хүнээ Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжиж, туслаж, хайрлаж байхыг уриалаад цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр энэ оны эхний хагас жилд багтаан:

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх

2. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга,  Нийслэлийн Засаг даргыг оруулах

5. Хүртээмжийн тухай хууль боловсруулж энэ онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Яамдын дэд зөвлөлүүдийг:

1. Салбарын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийн байдлыг судлан, хэрэгжилтийг хангах

2. Салбарын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хангаж, зарим ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх

3. Салбарын харьяа байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн  байдалд үнэлгээ хийж, энэ онд багтаан стандартад нийцүүлэх

4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймаг дэд болон салбар зөвлөлөө яаралтай байгуулан, ажлаа тогтмолжуулах, БСШУСЯ, Эрүүл мэндийн яам хууль заасан үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here