Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв.
Тэрбээр, “2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хамтарсан А/252/А74 тоот тушаал гаргажээ. “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай” гэсэн уг тушаалаар нэг нүд нь хараагүй болсон иргэдийн хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх тухай заасан байна. Үүнээс үүдэн манай улсын хэмжээнд нийт есөн мянга гаруй хараагүй иргэд байдгийн 3174 иргэнийг Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан тул дээрх тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэж иргэд өргөдөл ирүүлсэн. 2016 оны долдугаар сарын 01-нээс тушаалыг мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү тушаалд журамласан жагсаалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг нарийвчлан тогтоож байгаа сайшаалтай хэдий ч зарим талаараа хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг орхигдуулсан, хөнгөн хэлбэрийн бэрхшээлүүдийг жагсаалтаас бүрэн хассан тохиолдлууд нэлээдгүй байна. Дээрх тушаалаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд группийн хувь хасагдах, хугацаа өөрчлөгдөх, группээс хасагдах, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болох зэрэг асуудлууд олноор гарч байна. Группийн хувь хэмжээ өөрчлөгдсөнөөр тэтгэмжийн мөнгөн дүнд өөрчлөлт орж, ингэснээр банкнаас зээлтэй иргэдэд сар бүрийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирч буйг иргэд өргөдөлдөө дурьджээ.
Иргэд тодорхой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа. Үүнд,
· Нэг нүд нь харах чадвараа алдсан иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэвэрт буцаан оруулах,
· Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх зааврыг нарийвчлан тодорхойлж, аргачлал, гарын авлага бий болгон мөрдүүлэх,
· Нөхөн сэргээгдэхгүйгээр нүд нь сохорсон, хөл, гараа тайруулсан зэргээр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор нэг удаа оруулж, хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоолгосон тэтгэвэр тогтоох гэсэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Иргэдийн тавьж буй энэ асуудалд хариулт өгөхөөр холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд ирсэн байна.
Энэ удаагийн хэлэлцүүлэг өмнө нь болж байсан хэлэлцүүлгүүдээс онцлогтой. Юу гэвэл, Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн дээрх өргөдлийн дагуу асуудлыг холбогдох яамдын сайд нарт урьдчилан тавьж, хариуг нь шууд өгөхөөр зохион байгуулсан байгаа. Иргэдээ хүйтэнд нааш нь дахин дахин ирүүлэхгүйгээр ийм арга хэмжээ авсан” гэж хэллээ.
Үүний дараа дэгийн дагуу өргөдөл гаргасан иргэд үг хэллээ.
Иргэн И.Нарантуяа “Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан 3174 иргэний цаана энэ хүмүүсийн ар гэр байгаа. 3174 хүний 230 нь гэхэд 0-16 насны хүүхэд байна.
Дэлхий нийтийн жишигт нийцүүлж 3174 иргэнийг Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан гэж албан тушаалтнууд тайлбарладаг. Монголд өнөөдөр дэлхий нийтийн жишигт нийцсэн үйлчилгээ байдаг юмуу. Цаашид төр засаг иргэдийнхээ ахуй байдалд тохирсон тушаал шийдвэр гаргаж баймаар байна. Нэгэнт нүд, хөл, гар дахиж нөхөж ургахгүйгээс хойш группт хугацаа тогтоолгүй оруулж баймаар байна” гэлээ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэд тэргүүн Д.Зоригт “Хоёр сайдын хамтарсан тушаалаар нэлээд олон хүнийг группээс хасч, хугацаагүй байсан заалтыг хугацаатай болгосон. Харах чадвараа 80 хувиас дээш алдсан хүмүүст түлээ нүүрсний хөнгөлөлт олгодог байсан ч энэ цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Группээс хассан хугацааны мөнгийг нөхөн олгуулах хүсэлтэй байна. Шинэ Засгийн газар гарч ирэх бүртээ иргэдийнхээ ахуй, амьдралыг анхаарна гэдэг ч худлаа байна” гэв.
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон тэтгэврээс хассан, хугацаатай болгосон энэ шийдвэр өмнөх Засгийн газрын үед гарч, харин энэ Засгийн газар залруулахаар шуурхай ажилласныг тайлбарлаж хэлээд, асуудлыг улстөржүүлэхгүй байхыг хүсэв. Тэрбээр мөн нэгэнтээ гар, хөл, нүд нь нөхөж ургахгүйгээс хойш группт байх хугацаа тогтоодгийг болиулах талаар албан тушаалтнуудаас тайлбар өгөхийг хүссэн.
Иргэдийн дээрх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хариулт өглөө.
Тэрбээр “Хоёр яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, 10-12 дугаар сард ажиллан А/252/А74 тоот тушаалын хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрчлөлтөөр нүдний мэдрэл, гэмтлийн заалтуудыг группт оруулна. Зарим өвчний заалтаар группт байх хугацааг нэмэх, тэтгэврийн хувь, хэмжээ буурсныг болиулж, өмнө авч байснаар олгоно гэхчлэн өөрчлөлтүүд тусгасан байгаа. Ирэх хоёрдугаар сараас шийдвэрлээд явна. Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг сайдын зөвлөлийн хуралд оруулж батлуулах шатандаа явж байна. Тэтгэврийг тушаал гарсан өдрөөс хойш олгохоор санал оруулсан” хэмээлээ.
Төгсгөлд нь Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэллээ.
Тэрбээр “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ажлын хэсэг сайн ажилласан байна. Хоёрдугаар сарын 01-нээс иргэд тэтгэврээ хэвээр авч, харин аваагүй саруудыг нөхөн олгох боломжгүй юм байна гэж ойлголоо. Яамдууд сайдынхаа тушаалыг гарангуут Өргөдлийн байнгын хороонд ирүүлээрэй. Бид иргэдийн хариуг бичгээр өгнө” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.