Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ. Шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь:
– Хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
– Стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
– Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.
– Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар:
220В-ийн хэрэглэгч 700 кВт.ц
380В-ийн хэрэглэгч 1500 кВт.ц
Танд зөвлөе
Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх
Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх
Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа хэрэглэх
Мөн гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Цахилгааны оруулгын зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой байвал тохиромжтой. Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс болон 70047004 утсаар авах боломжтой.