Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдрөөс эхлэн 20 орчим удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдэж, 1.5-3.8 магнитутын газар хөдлөлт болсон билээ.
Тэгвэл энэхүү газар хөдлөлтөөс шалтгаалан Цогтцэций суманд иргэдийг хоргодох байр болон кемп, гэр зэрэгт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан байна. Үүнд Цогтцэций суман дахь дотуур байранд амьдардаг сурагчид, мөн Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнууд болон бусад иргэд багтаж байгаа юм. Мөн үүнээс гадна сумын хэмжээнд эрчим хүч хязгаарлах арга хэмжээ аваад байгаа ажээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ерөнхий зохицуулагчаас өгсөн чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдөр сумын хэмжээнд зарлан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хэллээ.