Нүүр хуудас Нийгэм Ц.Даваасүрэн: Шахмал түлшээр бүрэн хангаснаар агаарын бохирдол 50 хувь буурна

Ц.Даваасүрэн: Шахмал түлшээр бүрэн хангаснаар агаарын бохирдол 50 хувь буурна

138
0
Said-Dawaasuren
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

-Эрчим хүчний яамнаас 2019 оны “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласнаа /2019-01-14/-нйи өдөр албан ёсоор олон нийтэд танилцуулсан. Энэ хүрээнд 33 том ажил хийхээр болсноо мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жил олон улсын жишгийн дагуу смарт буюу ухаалаг технологийг салбартаа нэвтрүүлж, энэ ажлыг суурийг тавина. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын бүх компаниуд буюу түгээх, дамжуулах төв, цахилгаан станцууд ямар нэг хэмжээгээр өөрийн үйл ажиллагаанд ухаалаг техникийн дэвшлийг нэвтрүүлнэ. Нэвтрүүлсэн эсэх, хэрхэн нэвтрүүлсэн нь ажлын үзүүлэлтийн нэг гол шалгуур болно.

Эрчим хүчний компаниуд өөрийн гэсэн орлоготой. Тиймээс бизнес төлөвлөгөөнд нь тодорхой хэмжээнд смарт технологи нэвтрүүлж эхлэх даалгавар тусгаж өгч байгаа. Тухайлбал, смарт тоолуур, турбин генераторууд дээр ухаалаг, аюулгүй байдал хангасан мэдрэгч төхөөрөмж суурилуулна. Ингэснээр системийнхээ үйл ажиллагааг найдвартай аюулгүй болгоход ахиц дэвшил гарна.

Мөн системийн автоматын тоног төхөөрөмжүүд шинэ түвшинд очно. Өөрөөр хэлбэл, хэмжиж болох бүхнийг мэдрэгч төхөөрөмж ашиглан мэдээлэл авдаг түүнийгээ боловсруулдаг цаашлаад холбогдох арга хэмжээг авдаг түвшинд хүртэл хөгжүүлнэ. Ингэснээр эрчим хүчний системийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдэнэ гэсэн үг. Бид гар утаснаасаа бүгдийг хянадаг болно. Өнөөдөр гар утсаараа эрчим хүчний өдрийн хэрэглээ, станцуудын нийлүүлж буй чадлын хэмжээг харж болж байгаа. Үүнээс цааш ахих ёстой. Аюулгүй байдлын болон техникийн хяналтын түвшний шаардлагатай мэдээллийг авдаг болохыг зорьж байгаа.

-Дэлхийн жишиг буюу ухаалаг эрчим хүчийг нэвтрүүлнэ гэлээ. Монгол Улс энэ хөгжлөөс хэр зэрэг хоцорч яваа вэ. Дэлхий дахинаа хэдэн оноос хойш ухаалаг эрчим хүчний технологи руу шилжсэн бэ?

-Бид мэдээллийн технологи, смарт технологийн ашиглалтаар нэлээд хоцронгуй яваа. Бид эдгээр технологийг ашиглаж эхэлсэн. Жишээлбэл, айлуудаар ухаалаг тоолуур суурилуулж байгаа. Үүнийг зөвхөн тухайн өрхийн цахилгааны хэрэглээг хэмжих үүднээс л ашиглаж байна. Гэтэл зөвхөн түгээх сүлжээнд биш үйлдвэр дээр буюу станцад, нэвтрүүлж болох бүх л газарт смарт технологийг ашиглах юм. Ингэхийн тулд бүтэц бий болгож өгнө.

Диспетчерийн үндэсний төвд ийм бүтэц бий. Энэ бүтэц гурван шатны боловсон хүчнээс бүрдэнэ. Эрчим хүчнийхээ процессыг сайн ойлгодог, алгоритмийг гаргаж ирж чаддаг инженер техникийн өндөр мэдлэгтэй мэргэжилтэн ажиллана. Нөгөө талаас эл алгиритмыг программ болгох аппликэйшнийг ажиллуулах программистууд байх юм. Удирдлагын мэдээллийн системийн сервер бүтцийг бий болгох техникийн инженерийн ажилтнууд мөн байна. Ийм бүтцийг бий болгож өгөхөөр олон улсад ашиглаж буй технологийг эх орондоо нэвтрүүлэх ажил бодит болно.

-2019 онд дээрх том ажлын хэдэн хувийг амжуулах вэ?

-Эхлээд суурийг нь тавина. Манай салбарын компани бүр үйл ажиллагаандаа смарт технологийг нэвтрүүлэх ямарваа нэг ажил хийсэн байх ёстой. Тэгэхээр түгээх компани тоолуураас гадна автоматик, хамгаалалтын чиглэлийн төхөөрөмж суурилуулж, тэрийгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Мөн ТЭЦ-4 дээр Уралын турбины заводтой хамтраад шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд турбин зуух хянадаг төхөөрөмжийг ашиглах, нэвтрүүлэх ажил яригдсан. Энэ мэт компани бүр бусад улс оронд ашиглагдаж буй смарт технологиудыг нэвтрүүлнэ.

Өрх бүр ухаалаг тоолуурт шилжих зардал төрөөс гарах уу, иргэд хувиасаа гаргах уу?

-Мэдээж хэрэг тоолуураа солихын тулд худалдаж авах хэрэгтэй. Ухаалаг тоолууржуулах ажил түгээх сүлжээний хүрээнд Чехийн компанитай хамтраад хийгдээд явж байна. Үүн дээр бид нэгдсэн стандарттай болох ёстой. Аппликэйшнүүд хоорондоо уялдаж ажилладаг байх хэрэгтэй. Ойрын үед энэ чиглэлийн стандарт баталж өгнө. Энэ стандартын дагуу системийн нэгдсэн удирдлагын сүлжээнд ажиллах боломжтой бүтцийг бүрдүүлж ажиллана.

-Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Салбартаа ухаалаг технологийг нэвтрүүлснээр эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Ухаалаг технологи нэвтрүүлснээр найдвартай үйл ажиллагаа улам баталгаажна. Автоматикын хамгаалалтын систем өндөр түвшинд хүрнэ. Нөгөө талаас эдийн засгийн үр ашигууд гарна. Хамгийн наад захын жишээ айлуудад температурын мэдрэмжтэй, автоматаар халж, хөрдөг эрчим хүчний ухаалаг халаагуур суурилуулахад хүлэмжийн хийн агаарын бохирдол багасна. Үүнийг өрх айлаас станцын турбин генераторт хүртэл нэвтрүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр мөн эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тогтолцоог бий болгоно.

-Хүйтний улирал эхэлчихсэн агаарын бохирдол ид дундаа явж байна. Утааг арилгах тал дээр Эрчим хүчний яамнаас ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Хоёр гол ажил хийж байгаа. Нэгдүгээрт, ухаалаг халаагуур ашиглах боломжийг нийслэлийн 42 мянган айл өрхөд бүрдүүлж өгч байна. Тухайн өрхийн цахилгааны сүлжээ 4 кВт-ын хүчин чадлаар сайжирч байгаа. Хөргөгч, телевиз зэрэг цахилгаан хэрэгслээ ашиглаж байх үедээ халаагуураа залгах боломжтой. Хоёрдугаарт, Манай яам түлшний асуудал хариуцдаг. Энэ оны тавдугаар сарын 1-нээс ахуйн хэрэглээний түүхий нүүрсийг хязгаарлахаар болсон. Үүнийг орлох сайжруулсан шахмал түлш нийлүүлэх хүрээнд эхний ээлжийн жилдээ 200 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадал бүхий Тавантолгойн түлшний үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 600 мянган тонныг үйлдвэрлэдэг болгоно. Энэ ажлыг бид эхний таван сардаа багтааж хийнэ. Үйлдвэр бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлснээс хойш өвлийн улирал эхлэхэд буюу ирэх арваннэгдүгээр сар гэхэд шаардлагатай хэмжээгээр нөөцөлнө. Мөн өвлийн түлшээ урьдчилж худалдаж авна гэсэн өрхөд зургаадугаар сараас эхлэн хямдруулсан үнээр худалдаж эхэлнэ. Нэг тонн сайжруулсан түлш түүхий нүүрсний зах зээлийн үнээс өндөргүй байх юм. Ийм үнээр зах зээлд нийлүүлнэ. Энэ үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг, бүх тооцоолол нарийн хийгдсэн.

-Гэр хорооллын бүх айл өрхийг шахмал түлшээр хангах боломж бий юу?

-Гэр хорооллын өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулна. Лабораторийн аргаар туршилт хийхэд шахмал түлшнээс гарч буй утаа түүхий нүүрснээс агаарт цацагдаж хортой тоосонцортой харьцуулахад 70 хувь буурч байгаа. Тэгвэл яагаад 50 хувь гээд байгаа вэ гэхээр бид бүх янданг хянаж чадахгүй. Тиймээс эрсдэлээ тооцоолоод агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорьж байна. Мөн Таван шараас III, IV хорооллын хойд хэсэг, Дэнжийн мянга, Зурагт, Долоон буудал хүртэлх 42 мянган өрхөд цахилгаан халаагуур залгах боломж бүрдсэн. Энэ айлууд хоол хийхдээ шахмал түлшээр галлаад бусад үед халаагуур залгаж, галлагаа, цахилгаанаар хослуулж дулааны асуудлаа шийдэж болно. Ийм тогтолцоог бүрдүүлж өгч байгаа.

-Цахилгаан халаагуурыг гэр хорооллын айл өрхөд санал болгож байгаа юу?

-Санал болгож байгаа. Тэрнээс тулгаагүй. Ухаалаг цахилгаан халаагуур үр ашигтай гэсэн зөвлөгөөг иргэдэд хүргэж байна. Хоёр цахилгаан халаагуурт туршилт хийсэн. Нэг нь шөнөдөө хуримтлуулаад тэр эрчим хүчээрээ өдөртөө халдаг европ стандартын халаагуур. Дэлхийн банктай хамтран зургаан сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдээд хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлэхээр тооцсон. Нөгөөдөх нь монгол гэрт зориулсан дээрээ плиткатай хосолж ажиллах зориулалттай ухаалаг халаагуурыг туршиж байна.

-Халаагуур ашиглаж буй гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг хөнгөлөх үү?

-Шахмал түлш нийлүүлж эхэлсэн ч шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ. Агаарын бохирдлын асуудлыг төгс шийдэхийн тулд бүх өрхийг орон сууцжуулах хэрэгтэй. Тэр хүртэл шахмал түлш нийлүүлж, ухаалаг халаагуур ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бүх л аргыг хэрэгжүүлнэ. Мөн байшинтай айл өрхөд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 10 мянган нарны дээвэр төсөл хэрэгжүүлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн шахмал түлш гэлтгүй, хосолсон олон аргыг хэрэгжүүлнэ.

-Эрчим хүчний яамнаас энэ онд 33 том ажил хэрэгжүүлнэ. Үүнээс гадна өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Хамгийн чухал хийх ажил бол эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах. Уул уурхайн бүтээгдэхүүний орлого нэмэгдэж, эдийн засагт тэлэлт бий болоод эхэллээ. Бизнесийн идэвхжилт сайжрахаар нэмэлт эрчим хүчний хэрэглээ бий болж байна. Ялангуяа 2020, 2021 оны өвөл энэ өсөлт эрчим хүчний нэмэлт хэрэглээ болж мэдрэгдэнэ. Тэр үед шинэ эх үүсвэрүүдтэй байх ёстой.

Тэр чиглэлд хийх ажлын дунд хугацааны хөтөлбөрөө саяхан батлуулсан. Энэ хүрээнд ойрын хугацаанд ТЭЦ-III-ыг 75 МВт-аар өргөтгөнө. ДЦС-IV-ийн дөрвөн генераторыг шинэчилж, 90 МВт-ын шинэ хүчин чадал бий болгоно. Амгалангийн дулааны станцыг дулаан, цахилгаан хосолсон 50 МВт-ын станц болгоно. Энэ бол нийслэлийн хэмжээнд ойрын 1-2 жилийн хугацаанд хүчин чадлаа нэмэх ажил. Мөн Дархан, Эрдэнэт, Чойбалсанд суурилуулсан хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ.

Ингэснээр ойрын хугацаандаа нэмэгдсэн эрчим хүчний хэрэглээгээ хангачихна. Цаашлаад хоёр том станцын ажил яригдаж байна. Оны төгсгөлд Оюутолгой руу эрчим хүч нийлүүлнэ. Мөн шинэ станц 2023 онд ажилд орох нөхцөлтэй гэрээ үзэглэсэн. Тиймээс Тавантолгойд баригдах станц бол 300 МВт-ын нэг том эх үүсвэр мөн.

ДЦС-II-ыг 300 МВт болгох ТЭЗҮ-г боловсруулаад мөн санхүүжилт босгох ажил эхэлсэн. Энэ хоёр станц ашиглалтад орохоос гадна Багануурын станцын ажил хийгдэнэ.

Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Эрдэнэбүрэнд 90 МВт-ын усан цахилгаан станцын хөрөнгийн асуудал шийдэгдсэн. Энэ жилээс барьж эхлэхээр төлөвлөсөн. Нарны эрчим хүчний хувьд хязгаарлалтаа хөгжүүлнэ. Учир нь энэ төрлийн станц нар жаргахаар маш их хэмжээний эрчим хүчний дутагдалд ордог. Тэрийг хангах эх үүсвэр байдаггүй. Сүүлийн үед нарны эрчим хүчнээс болж ОХУ-аас авдаг импортын хэмжээ нэмэгдсэн.

Яагаад гэвэл бусад орны хувьд нар жаргахаар дутагдаж буй эх үүсвэрийг богино хугацаанд нөхдөг усан цахилгаан станц байдаг. Мөн газын станц бий. Харин манай нүүрсээр ажиллаж буй станц 4-5 цаг ажиллаж байж ажиллагаанд орж эрчим хүч нийлүүлдэг. Цаашдаа манайх газын турбинтай болох ажлыг судалж байна. Нарны станцууд нэгдүгээрт, импортыг нэмэгдүүлж байна.

Хоёрдугаарт, нарны станцаас гарч буй эрчим хүч 2-4 дахин өндөр үнэтэй. Энэ мөнгийг буюу дэмжих тарифыг иргэн, аж ахуй нэгж төлдөг. Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Тиймээс үнэ тарифыг нь өрсөлдөөний зарчмаар бууруулахаар Эрчим хүчний хууль болон Сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here