~Шашин соёлын Даншиг наадам ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно~
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.
Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм.
Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүн гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшидын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг татдаг.
Иймд Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.