Нүүр хуудас Нийгэм Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөгөөн боллоо.

Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар зөвлөгөөн боллоо.

182
0

Төрийн ордонд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар  зөвлөгөөн болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг орныхоо өвлийн бэлтгэл, цаг үеийн байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвлөгөөнд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гишүүдийнхээ хамт оролцож, Засаг дарга нар өвөлжилт төдийгүй аймаг, орон нутгийнхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг тайлбарлаж, салбарын сайд нараас хариулт авлаа. Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч 6 сарын 28-нд гарсан билээ. Энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм. Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.   -Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж  үзүүлэх. -Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх, Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан. ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм. Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна. Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ. Засгийн газар мал, мах бэлтгэж, экспортлоход анхаарч, хэд хэдэн улс оронд гаргаж эхлээд байна. Мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, мах бэлтгэдэг хүмүүст Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, малчдаас худалдаж авсан малаа тэнд тусгаарлаж, энэ эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Малаа эрүүл байлгах, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь малчдын үүрэг. Орон нутгийн удирдлагууд малчдын ийм хариуцлагыг нэмэгдүүлэхэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, тусалж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. -ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлэх шүлхийн вакцины эхний ээлжийн тарилгыг хүлээн авч өвчин гарсан аймгуудад вакцинжуулах ажил хийгдэж байгаа юм байна. Зөвлөгөөний үеэр Увс зэрэг аймаг гурил импортоор авах хүсэлт тавьж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн : -Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.  Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт анхаарууллаа. Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа. 2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар  сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ. -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: -Төсвийн хөрөнгөөр энэ жил түргэний 163 тэргийг аймаг, сумын эмнэлэгт өгсөн. Одоо улсын хэмжээнд 32 сумаас машины захиалга ирээд байгаа гэлээ. Хүний эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй хүмүүс унаа, машингүй нүцгэн гүйж байж таарахгүй. Энэ 32 машины хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж ондоо багтаан олгохыг Эрүүл мэндийн сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо. -Сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын унааны асуудал ч зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан. Тухайлбал, Баянхонгор аймагт л гэхэд 10 сумын Тамгын газар унаагүй гэдгийг Засаг дарга нь тодотгож байсан бөгөөд төлөвлөгөө гаргаж, аймаг, сумыг унаажуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн амлалаа. Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: -Гадаадын зээл, тусламжаар аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. 2018 онд орон нутгийн цэвэрлэх байгууламжийн 50 хувийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ шинэчлэл цаашид ч үргэлжилнэ гэлээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хил залгаа аймаг, сумууд бие биедээ тусалж, хамтарч ажиллаарай. Цаг хүндэрвэл, энэ цагийг бид хамтын хүчээр давна. Засгийн газар аймаг, орон нутаг малчдаа дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд зөвлөгөөний үеэр хэд хэдэн удаа дурдлаа. -Өр төлбөртэй аймгийн, ялангуяа өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг Сангийн яам даруйхан шийдэж өгөхийг үүрэг болгоод амралтын энэ өдөр Сангийн яам болон бусад шаардлагатай яам, агентлагууд ажиллаж, Засаг дарга нартай уулзан, орон нутгийн ажлаа зохицуулах, асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажиллахыг хүслээ. Өр нэхэхээс айж зугтаад байхааргүй ажиллах боломжийг Засаг дарга нарт олгох учиртай. Харин нэмж дахин өр төлбөрийн асуудал гаргахгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд зөвлөөд энэ тохиолдолд хариуцлага ярина гэдгийг онцоллоо. Засгийн газрын гишүүдэд аймгуудыг хуваарилж хариуцуулсан. Засгийн газрын гишүүд, сайд нар хариуцсан аймгийнхаа цаг үеийн байдлыг сайтар судалж, шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Цаг хүндэрсэн, байгалийн болзошгүй гамшиг тохиолдсон үед ч тухайн аймгийнхаа удирдлагатай хамтран ажиллана. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах болон бусад асуудлаар хариуцсан сайдтайгаа ярилцаж, Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулан шийдүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг дарга нарт хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here