100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх талаар өнөөдөр /2019.07.01/ нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын түгжрэл ихтэй авто замын нэг бол 100 айл орчим. Тэгвэл долдугаар сарын 1-нээс 1.6 км авто замын шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгааг албаныхан дуулгалаа.
Зам засварын ажлыг хийхдээ гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.
Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ “100 айл орчмын авто зам дагуу суурьшлын бүс ихтэй, аж ахуйн нэгж, байгууллага олноор үйл ажиллагаа явуулдаг учраас авто замын барилгын ажлыг эхлүүлэхдээ замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчлэн хааж байгаа юм. Энэ ажлын хүрээнд ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс зорчих хэсгээ бүрэн нээгээд, үлдсэн хугацаандаа зам дагуух тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн жил шиг усархаг бороо олон өдрөөр орохгүй бол зам барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахаар төлөвлөсөн. 100 айлын орчмын 1.6 км авто замыг шинэчлэх ажлын хүрээнд нийтдээ 3.4 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.