НҮБ-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон байдаг гэнэ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна.
Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэсэн ч жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа хүчээр гэр бүлийн амьдралаа эхлэхэд хүрдэг байна. Зарим оронд охидоо найман нас хүрэнгүүт хүний эхнэр болгох явдал өнөөдөр ч байсаар байгаа аж.
Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан төрүүлдэг бөгөөд төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог гэнэ.
Тиймээс энэхүү өдөр дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насанд хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцдэг байна.