Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. “Асиана Эйрлайнз” компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлт тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг 6 сарын 28-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ.
Уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, “Хүннү Эйр” компани болон “Эйр Монголия” компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтойг хэлж байв.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдлээ.
Төрөөс иргэний нисэхийн салбарт аль болох чөлөөт үнийн бодлого, олон нислэг үйлдэх боломжийг шат дараатайгаар судалж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал “Хүннү эйр” компани Улаан-Үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв. Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.
2013 оноос хойш ам.долларын ханш огцом өссөнтэй холбоотойгоор санхүүгийн алдагдал хүлээсэн ч нислэгийн тийзний үнийг нэмээгүй гэдгийг МИАТ компанийнхан хэлж байв. Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байгаа аж. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг талаар энэ үеэр мэдээллээ. Мөн оюутнууд, гэр бүл, ахмад настны гээд хямдралууд байдаг бөгөөд тарифын хөнгөлөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж байна.