“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.
Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хийгдэж байна. Иргэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.
Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулхыг анхааруулж байна.