“Сити-тур” автобусаар Улаанбаатар хотын түүхтэй танилцах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа.
“Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.
Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.