Монгол , ОХУ-ын инженерүүдийн хамтран угсарсан “АН-2” загварын онгоц 6 сарын 2-ны 15:00 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэхүедээ Чингис хаан ОУ-ын нисэх буудлын онгоц хөөрөх, буух зурваст осолдсон гэсэн мэдээлэл байна. Гэвч энэ талаар ИНЕГ-ын олон нийттэй харилцах албанаас “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” гэв. Тус онгоц Ерөө, Хүдэр, Мөнгөнморьт, Биндэр, Дадал, Батширээт чиглэлд нислэг үйлдэх байсан аж. Энэ онгоцыг ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн таван инженерийн бүрэлдэхүүнтэй багтай хамтарч хуучны АН-2 онгоцыг шинээр угсарсан ТВС-2МС онгоц юм. “ТВС-2МС” загварын онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчлэгдсэн гэж албаныхан бидэнд мэдээлж байв.TBC-2 MC гэдэг нь дахин сайжруулсан америк хөдөлгүүртэй АН- 2 онгоц юм. Энэ онгоц ОХУ-ын өмч юм. Тус улсаас ирж, нийт аймгууд болон алслагдсан сумдад нислэг хийхээр төлөвлөж байсан. Харин өнөөдрийн хувьд анхны нислэгээ Сэлэнгэ аймаг руу үйлдэхээр 30 минутын өмнө нисэх зурвасаас хөөрөөд тодорхой бус шалтгааны улмаас газарт унасан байна. Ослын улмаас онгоцны нэг далавчинд бүрэн эвдрэл үүссэн. Онгоцны экипажид ОХУ-ын нисгэгчид байсан бөгөөд зорчигчид нь ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын Б, Ерөнхий зориулалтын нисэхийн газрын Э нарын нийт 12 хүн байсан. Азаар хүний амь нас эрсдээгүйч зорчигчдийн хөл, гар хугарсан талаар мэдээллээ. Мөн зарим эх сурвалж тус онгоцыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэгнийх нь орон нутгуудад болох иргэдтэй хийх уулзалтад ашиглах гэж ОХУ-аас авчирсан, нислэг хийх зөвшөөрөлгүй байсан тухай мэдээлэв.