Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг яармаг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцлоо.
2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 190, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 23, жижиг зээлд 39, нийтийг хамарсан ажилд 270 иргэн хамрагдаж, өөрөө өөртөө ажлын байр бий болгон төсөл хэрэгжүүлж, түр ажлын байраар хангагдсан байна.
Энэ бүхний үр дүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээнд 980 иргэн хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 916 шинэ ажлын байрыг бүртгэж, 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ.