Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэнг дөрөв дэх удаагаа үзэгч түмэндээ толилуулж байна. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэн үзүүлэх юм.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтаж байна.
Тухайлбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх аж.
Уг үзэсгэлэн маргааш буюу 2017 оны 2 дугаар сарын 15-ны 14.00 цагт нээлтээ хийж нэг сарын хугацаанд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үзүүлэх юм.