АНХААРУУЛГА: Энэ онд зам тээврийн ослоор 58 хүүхэд амиа алджээ!
Өнгөрсөн амралтын өдөр орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч Сүхбаатар дүүргийн иргэн О нас барсан хэрэг гарсан байна. Мөн 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн хоёр дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч таван настай Х, найман настай Ц, арван настай М, 28 настай Х нарын дөрвөн хүн гэмтжээ.
Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлт юм. Гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, зориулалтын хамгаалах суудалд тээвэрлээгүйгээс шалтгаалж гарч байгаа тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж хэвших шаардлагатай байна.