Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд 29-р сургуулийн сурагчдын эрх зөрчигдөж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудлын мөрөөр БСШУСЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа нар өнөөдөр тус ссургуулийн багш, ажилчид, сурагчидтай уулзлаа.
Уг асуудлын хүрээнд БСШУСЯ-наас ажлын хэсэг томилж, дүгнэлт гаргаад буй. Дүгнэлтийг маргааш албан ёсоор танилцуулна гэдгээ тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мэдэгдсэн. Уг дүгнэлтээр сурагчдын тавьсан шаардлага, эрх нь зөрчигдөж буй хэмээн асуудлыг хөндсөн нь үндэслэлтэй төдийгүй багш нар нь ч дохионы хэлний мэдлэг, чадвар муу гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Харин энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга “Ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Түүнчлэн Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас уг сургуулийн асуудлаар судалгаа явуулсан. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд тус сургуулийн багш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна” гэв.