Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат Петербургт болж байгаа олон улсын эдийн засагчдын чуулга уулзалтанд оролцож Монгол Улс, ОХУлс хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү”Уралын Турбины үйлдвэртэй 4-р цахилгаан станцын турбиныг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү: “Монгол Улсын эрчим хүчний салбарыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан. ОХУ-д сурч төгссөн боловсон хүчнүүд Монголын эрчим хүчний системийг өнөөг хүртэл авч явж байна. Бид цаашдаа эрчим хүчний салбараа өргөжүүлж, бэхжүүлэх чиглэлээр олон ажлууд хийж байгаа. Манай Засгийн Газар байгуулагдсанаасаа хойш энэ харилцааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа. ОХУ-ын эрчим хүчний яам, Монгол Улсын эрчим хүчний яам хамтарч ажиллах гэрээ, санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн хувьд Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн талаар гарын үсэг зурлаа. Энэ нь дөрөвдүгээр цахилгаан станцын тогтвортой найдвартай ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Хүчин чадлын хувьд 80-90 мегаватт нэмэгдэнэ. Мөн станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж өгч байгаа маш чухал санамж бичигт гарын үсэг зурлаа” гэв.