Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж байна. МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана” балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулж байгаа юм. “Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа ялангуяа сонгодог урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой бөгөөд дипломат харилцааны ойн хүрээнд 2017 онд соёл, урлаг, спортын олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулах ажээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа Игорь Стравинскийн “Галт шувуу” балетыг тоглож, үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү сонгодог балетын гол дүр Иван хунтайжид Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг бүжлээ. Монголд анх удаа тоглож буй ОХУ-ын хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн “Галт шувуу” балетыг анх Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт тоглож байжээ.