Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Түүний хоёр хүү аавынхаа мэргэжлийг өвлөн авч, кино урлагт өөрсдийн мөрөө үлдээж яваа.
Том хүү Ц.Төмөрбаатар нь өдгөө Төрийн соёрхолт жүжигчин хэмээн дуудуулж, ард түмэндээ хүндлэгдэж яваа. Харин бага хүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт жүжигчин Ц.Төмөрхуяг нь урлагаас хөндийрч, хэсэг хугацаанд нам гүм амьдарсан.
Гэвч тэрбээр “Цагааны Цэгмид” хэмээх студи байгуулан урлагтаа эргэн ирсэн билээ. 1980-аад оны үед Төмөрбаатар нь илүү, Төмөрхуяг нь илүү гэдэг яриа их хурц явагдаж байсан.
Хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг байх. Зарим хүмүүст нь Төмөрхуяг нь таалагдаж байхад заримд нь Төмөрбаатар нь таалагддаг.
Тэрээр энэ ярианд хариулахдаа “Хийж байгаа уран бүтээл, тоглосон дүрээр нь хэн нь чансаатай хэн нь чансаагүй байна гэдгийг хүмүүс өөрсдийнхөө хэмжүүрээр дүгнэх байх л даа. Ер нь бүгд урлаг мэддэг гэвэл худлаа. Ахаасаа илүү байна уу, дутуу байна уу тэр нь надад чухал биш. Өнөөдөр Монголын урлагийн төлөө бид хоёр хоёулаа адилхан зүтгэж яваа хүмүүс. Эцгийнхээ төлөө, эцгийнхээ нэрийг цэвэр байлгахын төлөө зүтгэж яваа. Тэгэхээр бид хоёрын зорилго нэг. Гавьяа шагнал хүнд өөрөө л ирэх ёстой. Тэрийг гуйж, хахуульдаж авах хэрэггүй. Өөрөө хүссэн мэргэжлээрээ ажлаа хийгээ л явж байвал болоо биз дээ. Гавьяат боллоо гээд хүнээс онцгой хүн болчихдог юм биш” хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл түмэн олон түүнийг үнэлж төрөөс жүжигчин Ц.Төмөрхуягыг Монгол улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндэт цол тэмдгээр шагнасан юм. Ийнхүү нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болжээ.