Нүүр хуудас Соёл урлаг Монгол өвүүдийг бүртгүүлэхийн тулд…

Монгол өвүүдийг бүртгүүлэхийн тулд…

287
0
mongol uv unesco
Монгол өвүүдийг бүртгүүлэх
Монгол өвүүдийг бүртгүүлэхийн тулд ДОЛООН ЖИЛ ажилласан байна

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан билээ.

Тус комиссын 55 жилийг ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дагуурын ландшафт, Данжуурын гэрэлт хөшөө, Уул овоо тахих Монгол зан үйл хэмээх 3 өвийн батламжийг холбогдох яамдад гардуулах ёслол ирэх сарын 2-нд болно. Уг ёслолыг Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар нээх бөгөөд 3 өвийн батламжийг холбогдох яамдуудын сайд нарт гардуулах юм. Батламж гардуулах ёслолд тус өвүүдийн судалгаа, бүртгүүлэх явцад гар бие оролцсон эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирэх аж.

Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар Монгол улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг 2017 оны долдугаар сарын 07-ны өдөр Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн юм.

Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм.
Данжуурын гэрэлт хөшөөний тухай

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн. Энэхүү гэрэлт хөшөө нь Баримтат өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн Монгол Шунхан Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 27 жил урлан бүтээсэн 248 см өндөртэй хөшөө юм. Уг хөшөөн дээр Цэцэн чин вангийн Цахар хошууны шашныг бадруулагч сүмд хадгалж байсан Данжуурыг иж бүрэн ботиор нь Ардыг Гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд үүрд эзэмшүүлэхээр заасан 9 зүйл гэрээг мөнхлөн сийлсэн байдаг.

БНСУ-ын Жэжү аралд 2017 оны 12 дугаар сарын 04-09-ний өдөр болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Уул овоо тахих Монгол зан үйл өвийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн юм.

Уул овоо тахих зан үйлийг судлахад эрт цагт бөөгийн ёсоор тахиж ирснийг 16 дугаар зууны үеэс буддын шашны зан үйл болгон хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here