Нүүр хуудас Соёл урлаг Уулзалгүй удсан андаа олсон мэт…

Уулзалгүй удсан андаа олсон мэт…

460
0
Gowiin domog_USK_UBS
"Говийн домог" УСК Уулзалгүй удсан андаа олсон мэт...

Уулзалгүй удсан андаа олсон мэт…

Ч.Очгэрэл…үнэндээ л дэлгэцийн урлагийн шинэ үеийн ихэмсэг жүжигчин гэж хэлэхийг хүсч байна. “Содура” түүнийг төрүүлсэн. Харин “Говийн домог” жүжигчнийх нь хувьд задалсан. О.Амгаланбаатар…тэр бол харцаараа, дотоод сэтгэлээрээ тоглодог залуу…ховор дүр төрх, ховор мэдрэмж, бас яаж ч задалж, засч болох хувирал сайтай жүжигчин.

Хөгөлжиргэн хуурчийн дүрд өөр хэн ингэтлээ шингэн уусах байсныг би хувьдаа бодоод олсонгүй. Эгээрэл гүнжийн дүрд тоглосон Б.Замилан охин…шинэ дүр төрх, гайхалтай онож сонгосон өвөрмөц араншин…”Говийн домог”-ийг үзээд сууж байхдаа ” Монгол кино шинэ цаг үед, шинэ өнгө төрх, агуулгатайгаар, тэгээд дээр нь шинэ гол дүрүүдтэйгээр яахын ч аргагүй эргэн иржээ” гэж өөрийн эрхгүй бодлоо. Хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй үнэн бол энэ. Олон жил төөрөлдөж, орос, солонгос, америк хэв маягийн муухан цуглуулга, драм, дэлгэц, хошин шогийн холион бантан болчихоод байсан монгол киноны амь, сүнс, бас агаар ” Говийн домог”-т эргэн ирснийг энэ киноноос мэдрэх гайхалтай байлаа. Удаан уулзаагүй андтайгаа уулзсан мэт, олон жил санаж явсан хэн нэгнийг олсон мэт яг л тийм үнэн мэдрэмж. Юмлаа ноёны дүрд тоглосон С.Лхагвасүрэн…шал өөр Лхагвааг тэндээс олж харав. Хорсол өширхөл төрүүлсэн зэвүүн муу Юмлаа.

Ингэж хувирч чадсанаараа С.Лхагвасүрэн олон жил өөрийнхөө дотор нууж явсан авъяас, чадвар, туршлагаа “Говийн домог”-ийн дэлгэцнээ зад татан дэлгэжээ. Хошин шог бол зүгээр л түүний баг байсан байна. Тувагийн ардын жүжигчин Эдуард Ондараас үнэ цэнэтэй тоглолт гарч байна билээ. Киноны хөгжим бидний мэдэх, зарим талаараа өөрийгөө олонтаа давтсан Л.Балхжавыг өөрөөр сонсох боломж олгосон…Хэл, хэллэгийн хувьд үнэхээр яруу тансаг. Түүх амилуулах үүрэгтэй хувцас, орчин, зураачийн ур ухаан нь сэтгэл татам.

“Говийн домог”… дутуу юмгүй хэрнээ ямархан нэгэн амьсгал дутсан кино. Чухам юу дутаад байгаа юм бол оо? Энэ кинонд тоглосон жүжигчдээс илүү жүжиглэлт гарах байсан. Илүү эмтрэн хагацаж, илүү эгшиглэн уянгалж, илүү асан дурлаж, илүү асгаран учирч болох байсан…гэвч энэ бүхнийг олонх тохиолдолд тулааны хэсгээр орлуулан шийдсэн нь өрөөсгөл байв уу?

Эсвэл миний сэтгэл хийгээд сэтгэлгээ сүүлийн 40 жил ноёрхсон холион бантан, цуглуулгын кинонд дасчихаад нөгөө л улиг болсон дүр төрх, жүжиглэлт, өгүүлэмж хайгаад байв уу? Бидний олонх нь монгол өгүүлэмж, монгол ухаан, монгол хэл хэллэг, монгол араншин, монгол хандлага, тэр байтугай нэрнээс ч харь хол удлаа шүү дээ. Эцэст нь би нэг юмыг ойлгов.

Зохиолчийн хувьд би бичиж байхдаа л тухайн зохиол дотроо амьдардаг. Дуусгасныхаа дараа дүрүүд болон зохиолоо гаднаас нь харж ямраар л бол ямраар сонжин задалдаг. Бүр танхай, зэвүүн, чөлөөтэй “новширдог”. Харин “Говийн домог”-ийнхон зохиолдоо хэт автан, өөрсдөө тэндээ төөрөлдөн гацаж орхисон мэт санагдсан.

Зохиолч О.Эрдэнийг жаахан онгироогоод, яадаг юм, согтоож байгаад төрөлх авъяас чадал нь хэрхэн оргилохыг харж, С.Сумъяаг дурлуулж, дурлалдаа шатан солиорохыг нь үзэж, ерөнхий найруулагч Ц.Даваажаргалын айдсын хүлээсийг тас татан зоригжуулж, ерөнхий продюссер Л.Балхжавыг илүү сахилгагүй, задгай болгоё. Тэгвэл тэд монгол үзэгчдийн санагалзан хүлээсэн монгол киног эмээллэж гарцаагүй чадна.

“Говийн домог”-оор тэд 40 жилийн чөдөр тушааг нь зад татчихлаа. Кино шиг кино, тэр тусмаа МОНГОЛ КИНО үзэх сайхан байлаа…баярлалаа, UBS. Бид монгол кинотой болох гэж олон буруу, хазгай нүүдэл хийсэн. Энэ удаа зөв нүүчихлээ…нүүдлийн зам ээлтэй, идээ цагаагаа барьсан зон олон тосон хүлээж байх болтугай!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here