УДБЭТ-ын хамт олон Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг 2017 оны 6 сарын 10- нд БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран УДБЭТ тайзнаа тоглолоо. Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг тоглоход хамтран ажиллахаар БНСУ-ын Тежон хотын дуурийн байгууллагийн гоцлол дуучид болон тус дуурийн найруулагч Ан Ху Вон нар Монголд ирж бэлтгэлээ хангасан юм. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээлд тооцогддог аж. Дэлхийн хамгийн алдартай суут арван хөгжмийн зохиолчийн наймынх нь бүтээлийг Монголын уран бүтээлчид тоглодог байсан бол 2015 онд Г.Доницетти ес дэх нь болж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүний бүтээл анх удаа амилсан түүхтэй. Тус дуурийг 2015 оны аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж, гол дүрд нь УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА .Гомбо-Очир, Б.Батжаргал нар дуулж үзэгчдэд толилуулж байсан. Энэхүү дуурь нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог хүнд ари, уянгалаг хөгжмөөрөө алдартай бүтээл юм. Үйл явдал Шотландын зүүн өмнөд хэсэгт эрх мэдэл, хөрөнгө мөнгө, хар буруу санааны золиос болсон хайр дурлалын тухай өгүүлдэг юм.