ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх “ПРО АРТЭ” урлагийн клуб нь:
·Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оюутнуудыг чадавхжуулах,
·Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн технологиор дамжуулан нийгэмд дуу хоолойгоо өргөх замаар олон нийтийг сайн үйлст сэдэлжүүлэн уриалах, эерэг үйлдэлд татан оролцуулах,
·Мэргэжлийн урлагийг оюутан залууст хүртээмжтэй болгох замаар урлаг гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Арт Айдэнтити Фестиваль буюу АйФЭ” урлагийн наадмыг зохион байгуулдаг билээ.
Энэ жил UN-REDD (ЮүЭн-Рэдд) Үндэсний хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дах удаагаа 2016 оны 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус наадам нь анх удаагаа “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” сэдвийн дор нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн “АйФЭ-2016” урлагийн наадам нь цар хүрээгээ өргөжүүлэн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг арав гаруй их дээд сургууль, зуу гаруй уран бүтээлчдийг хамруулсан “ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” зурагт хуудас болон богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн зэрэг хоёр уралдааныг зарлан шилдэгүүдийг шалгаруулах гэж байна. Зурагт хуудасны уралдааны шилдэг бүтээлүүд “Блю Мүүн” Арт Галерейд дэлгэгдэх бол богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээл “Өргөө 2” кинотеатрын дэлгэцнээ толилуулагдах юм.
Эдгээр уралдаанууд нь “ПРО АРТЭ” урлагийн клубын оюутнуудын БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙН тулгамдсан асуудлаар нийгэмдээ оруулж буй бяцхан хувь нэмэр. Мөн оролцогч уран бүтээлч оюутан залуусын эмзэглэл, дуу хоолой юм. Энэхүү уралдаануудад оролцогчдын бүтээлүүд нь олон нийтийг байгал дэлхийгээ хамгаалахад, энэ үйлсэд хувь нэмрээ оруулахад сэдэлжүүлнэ хэмээн найдаж байгаа билээ.
Түүнчлэн тус наадмын хүрээнд дараах бүтээлүүдийг СИНЕМАТЕК, УРЛАГИЙН ГАЙХАМШИГ зэрэг наадмын хүрээнд зохион байгуулдаг өдөрлөгүүдээрээ дамжуулан олон нийтэд хүргэнэ.
СИНЕМАТЕК кино өдөрлөгийн хүрээнд:
“Содура” МУСК:UBS телевизийн бүтээл “СОДУРА” уран сайхны кино нь олон улсын нэр хүндтэй кино наадмуудад эх орноо төлөөлөн оролцсоор буй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зохирон амьдрахуйн ухааныг харуулсан буй. Тус киноны Ширэлийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва “”Содура” бол уран бүтээлч бидний өмнөх үеийнхэндээ төлж байгаа өр, дараа үеийнхэндээ үлдээж байгаа том өв юм” хэмээн дүгнэн хэлсэн байдаг
“Үерийн өмнө” баримтат кино:Торонтогийн кино наадмын үеэр 2016 оны 9-р сарын 9-ны өдөр нээлтээ хийсэн тус киног найруулагч Фишер Стивенс найруулж, Мартин Скорцэзе гүйцэтгэх продюсероор нь ажиллажээ. Тус киноны продюсер, гол дүрийг бүтээсэн НҮБ-ийн элч, жүжигчин Леонардо ди Каприо болон National Geographic сувгийн хамт олон гурван жилийн турш энэхүү киног бүтээжээ. Тус гайхамшигт бүтээлийг эх хэл дээрээ “АйФЭ-2016” урлагийн наадамын СИНЕМАТЕК кино өдөрлөгийн хүрээнд үзэх боломжтой юм.
“Урлагийн Гайхамшиг” мэргэжлийн урлагийн өдөрлөгийн хүрээнд:
“Би Эдит Пиаф байна” моно мюзикл драм:Франц орны бэлгэ тэмдэг болсон гайхамшигт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан тус моно мюзикл драмын жүжиг нь “Гэгээн Муза” театрын наадмын шилдэг найруулагч, олон улсын моно жүжгийн “Моно Арт-2014” наадмын Гран Приг хүртсэн бүтээл юм. Тус жүжгийн гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Ц.Баясгалан нь Эдит Пиафын дуулсан “L’hymne al’amour”, “La Vie en rose “, “Non, je ne regrette rien” зэрэг дуунуудаас дуулах бөгөөд “Mon légionnaire”, “Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх юм.
“Sentiment” модерн балет шоу:2016 оны 4-р сарын 29-нд Олон Улсын Бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “NOMADIC BALLET PRODUCTION” байгуулснаа албан ёсоор зарлаж “Sentiment” (Мэдрэхүй) анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьсан билээ. “Мэдрэхүй” тоглолт нь неоклассик, сонгодог ба модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй юм. “АйФЭ-2016” урлагийн наадмын хүрээнд толилуулагдах тэдний тоглолтын үеэр “Мэдрэхүй”-н онцлох бүтээлүүдийг толилуулах юм.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх “ПРО АРТЭ” урлагийн клуб нь аливаа үйл ажиллагаагаа ашгийн төлөө бус явуулдаг бөгөөд тус наадмын хүрээнд толилуулагдах, дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байх тул Эх орон байгаль дэлхийдээ хайртай, урлагт чинхүү сэтгэлтэй хэн боловч тус наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээнд оролцох боломжтой юм.
“Арт Айдэнтити Фестиваль буюу АйФЭ” урлагийн наадмыг санаачлан зохион байгуулж буй ПРО АРТЭ оюутны урлагийн клуб нь энэхүү арга хэмжээг биелэлээ олоход гүн туслалцаа үзүүлсэн байгууллагууддаа баярлаж талархаснаа илэрхийлж байна.
Санхүүжүүлэгч:
UN-REDD Үндэсний хөтөлбөр
Швейцарийн Хөгжлийн Агентлаг
Дэмжигч:
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Өргөө Синема ХХК, TV-5 телевиз, Монгол Телевиз, UBS телевиз, Монголын Моно жүжгийн төв, Nomadic Ballet Production, Баярцэцэг Мюзик Продакшн, “Миеэгомбо” кино компани болон бусад байгууллага, хамт олонд талархалаа илэрхийлье
Ерөнхий зохион байгуулагч: ПРО АРТЭ оюутны урлагийн клуб
Хамтран зохион байгуулагч:Соёл урлаг, боловсролын хамтын ажиллагаа ТББ
“АйФЭ-2016” УРЛАГИЙН НААДМЫН ХӨТӨЛБӨР
2016.12.01 ПҮРЭВ ГАРАГ
ӨРГӨӨIIКИНОТЕАТР: “СИНЕМАТЕК” кино өдөрлөг
10:00 “СОДУРА” монголын уран сайхны кино
12:30 “ҮЕРИЙН ӨМНӨ” (Before the Flood)баримтат кино
14:10 “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдийн үзвэр болон ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ болно.
BLUE MOON ART GALLERY: “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” үзэсгэлэн
10:00 “ХҮН БА БАЙГАЛЬ: Бид хүйн холбоотой” зурагт хуудасны уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болно.
16:00 Зурагт хуудасны уралдааны ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ болон арга хэмжээний нээлт болно.
Үзэсгэлэнгийн нээлтэнд БОАЖЯ, UN-REDDҮндэсний Хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөлөл оролцоно.
2016.12.02 БААСАН ГАРАГ
ШУТИС-ийн УРЛАГ ЗААЛ: “УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” мэргэжлийн урлагийн өдөрлөг
12:30 Наадмын хоёр дах өдрийн нээлтийн арга хэмжээ болно. ШУТИС-ийн ҮТС-ийн удирдлага болон ШХА-гийн төлөөлөл үзэгч оюутнуудад зориулан үг хэлж өдөрлөгийн арга хэмжээг эхлүүлнэ.
13:00 “БИ ЭДИТ ПИАФ” монодрам тоглогдоно. Гол дүрд МУСТА, УДЭТ-ын жүжигчин Ц. Баясгалан, найруулагч Б.Баатар.
14:30 “Sentiment” модерн балет шоу тоглогдоно. Номадик балет продакшны 2016 оны шинэ бүтээл.
15:10 “AiFE 2016” урлагийн фестивалийн арга хэмжээ өндөрлөнө.