УДБЭТ-аас XX зууны шилдэг балет “Спартак”-ыг тоглоно
XX зууны шилдэг балет “Спартак”
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид XX зууны шилдэг балет болох А.Хачатуряны “Спартак” балетыг энэ сарын 27, 28-нд 17:00 цагаас тоглох гэж байна.
Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл билээ.
Мөн ‘Спартак’ балет нь балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа ‘драматизм’-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусад сонгодог балетаас онцлог.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Спартак” балет нь анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тогложээ. Анх монголын тайзнаа Ардын жүжигчин Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж, тайз чимэглэлийг Ардын зураач Ч.Гунгаасүх хийсэн. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү тайз чимэглэлийг тус театрын ерөнхий зураач урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар хийсэн түүхтэй.
Тус балетын гол дүр
• Спартакд-Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-орших, М.Од,
• Фригрияд-Гавьяат жүжигчин Г.Цолмон, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин,
• Крассд-Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал
• Эгинад- Соёлын тэргүүний ажилтан Б.Баасансүрэн, Б.Саруул нар тоглоно.