Улсын онцгой комисс одоо Төрийн ордонд шуурхай хуралдаан хийж байна. Хуралдаанаар Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон юм. Энэ тухай дуудлага энэ сарын 22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу тус бүсэд шаардлагатай албаныхан ажиллаж байгаа ч одоог хүртэл 17 иргэн сураггүй хэвээр байгааг Онцгой байдлын мэргэжилтнүүд Шадар сайд Ө.Энхтүвшинд илтгэлээ.
Одоогийн байдлаар ОБЕГ-аас томилогдсон шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж буй.
Мөн Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байгаа юм. Шуурхай бүлгээс хамгийн сүүлд авсан мэдээллээр эрлийн баг бүрэлдэхүүн үүрээр 06:00 цагийн орчмоос эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Учир нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул ийн эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Улсын онцгой комиссын гишүүдийн зүгээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаас эрэн хайх аврах ажиллагааны хүрээнд хийж буй ажлууд, түүнийг хэрэгжүүлэхэд дутагдаж буй зүйлс, цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг болон олон улсын байгууллагуудаас туслалцаа дэмжлэг хүссэн эсэх зэрэг асуудлыг тодруулж байна. Хуралдаан одоо хаалттай горимоор үргэлжилж байна.