Нүүр хуудас Спорт МУГТ, уулчин Б.Гангаамаа: Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүллээ

МУГТ, уулчин Б.Гангаамаа: Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүллээ

248
0
Uulchin-Gangaamaa
МУГТ, уулчин Б.Гангаамаа: Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүллээ
~Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүллээ~

Дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд амжилттай авирч, Монголынхоо төрийн далбааг мандуулаад, эсэн мэнд бууж, эх орондоо ирсэн, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр , авиралтынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү хуралд Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцсон байна. Мөн хурлын үеэр МУГТ, уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм. Үүний дараа МУГТ, уулчин Б. Гангаамаатай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд К2 уулын оргил дээр гарсан Монголын анхны эмэгтэй тамирчин. Авиралтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хоёр сар гаруйн дараа эргэн амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Явахынхаа өмнө амласан ёсоороо эргэн ирж дахин та бүхэнтэй уулзана гэж ярьж байсан. К2 ууланд авирах тохиолдол жилд ганц удаа болдог. Дэлхийн хэмжээний маш хүнд оргил юм. Эверестын оргилд авирахын тулд хавар авиралт хийдэг бол К2 ууланд зун авиралт хийдэг юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс сайхан байсан, учир нь оргилд маш олон хүн авирч гарсан. Цаг агаарын хувьд харьцангуй тогтвортой байсан. 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 337 хүн оргилд гарсан байдаг юм байна. Үүнээс 2012 он, 2018 онуудад хамгийн олон хүн нэг зэрэг энэ уулын оргил дээр гарсан.

-Хамт явсан багийн тухайд. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явсан вэ?

-Энэ удаагийн авиралтад дөрвөн том эскпедиз нэгдэж хуваагдаж оролцсон. Манай багийн хувьд найман орны 10 уулчин байсан. 2018 оны долдугаар сарын 21-нд 07.00-08.00 цагийн хооронд цувж К2 уулын оргил дээр гарсан. Манай багт Япон, Хятадын тус бүр хоёр уулчин, Швейцарь, Бельги, Мексик, Непал, Ирландаас тус бүр уулчин оролцсон бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр гарсан улсуудын тав нь энэ оргилд улсаа төлөөлж гарсан анхдагч хүмүүс болсноо мэдсэн. Нэг өдөр 31 хүн оргил дээр зогссон рекорд амжилтыг тогтоолоо. Хэзээ ч К2 ууланд ийм олноороо гарч байгаагүй юм билээ. 2012 онд 28 хүн гарч байсан бол энэ жил 31 хүн гарлаа.

-Мэдээж энэ том оргил дээр гархад хүндрэл бэрхшээл байсан байх?

-Ууланд авирч байх үед тэнгэр нэг цэлмээд, нэг бүрхээд, цас ороод нэлээд тогтворгүй байсан л даа. Яг гурав дахь өдрөө авиралт хийж байхад тэнгэр муудлаа түргэн буу гэдэг дохио станцаас ирсэн. Үүний дараа багийн хөтөч маань уулчдаас буух тухай асууж байлаа. Гэхдээ би “Буухгүй, би авирах гэж ирсэн болохоос уруудах гэж ирээгүй” гэж байгаад авиралтаа үргэлжлүүлсэн. Дотроо эмээж байсан ч багийнхан хамт гарч бүгд зорилгодоо хүрсэн. Надаас өмнө монгол уулчид оргилд нь гарах гэж гурван удаа оролдсон. Монголын уулчдын олон жилийн мөрөөдлийг биелүүлсэн дээ баяртай байна.

-Биеийн байдлын хувьд ямар байв?

-Авиралт болон өндөр авалтын үед биеийн байдал маш сайн байсан. Жаахан ханиалгах асуудал гарч байсан. Бусдаар бол биеийн байдал урьдынхаас сайн байлаа. Оргил дээр гарах бүрэн эрмэлзэлтэй, хичээсэн. Оргилд гарахаасаа өмнө Монгол руугаа ярьж “монголчууд минь К2 уулыг аргадаж, тахиж өгөөрэй” гэж хэлж байсан. Авиралт амжилттай болсон.

Миний хувьд Пакистан улсын цагаар 08.30 цагт, Монголын цагаар 10.30 цагт К2 уулын оргил дээр гарсан. Авиралт дуусаад буух хооронд битүү цас, цаснаас өмнө бууж дөрөвдүгээр бааз хүрсэн. Аюулгүй байдлаа бодоод дөрөвдүгээр бааздаа хоносон. Надтай хамт авирсан хүмүүс доошоо үндсэн бааз хүртэл буусан байсан. Авиралт минь олон жилийн хүсэл мөрөөдөл, монголчуудын хүсэл байсан. 2005 онд Эверестэд анхны Монгол хүн гарсан байдаг. Түүнээс хойш дараагийн оргил К2 дээр гарах мөрөөдөл байсан. Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо. Спорт авиралтын хаан уул гэж ярьдаг. Үүн дээр гарч чадсандаа үнэхээр их баяртай байна.

-Эмэгтэй уулчид К2 ууланд хэр олон гарсан байдаг бол. Таны хувьд К2 ууланд гарсан хэд дэх эмэгтэй вэ?

-Дэлхийн 337 хүн гарсан гэсэн тоо судалгаа байдаг. Үүнээс эмэгтэй 18 уулчин К2 оргил дээр гарсан гэсэн тоон судалгаа байгаа. Энэ жилийн хувьд хамгийн олон эмэгтэй буюу зургаан эмэгтэй К2 ууланд гарсан. Ер нь К2 уулыг эмэгтэйчүүдэд халтай хатуу уул гэж ярьдаг. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд зургаан эмэгтэй өндөр оргилоос бууж яваад унаж амиа алдсан байдаг юм билээ. Гэхдээ Монголчуудад ээлтэй хандсан.

-К2 уул дэлхийн хамгийн хүнд хайрхан. Энэ хайрханд авиралт хийж байгаа уулчид амь насаа алдах тохиолдол нэлээд их гардаг . Таныг авиралт хийж байх хугацаанд уулчид амь насаа алдсан тохиолдол гарсан уу?

Энэ уулын оргилд гарчихаад бууж замдаа 84 хүн амь насаа алдсан гэсэн тоон судалгаа байдаг. Миний хийсэн авиралтын үед Японы уулчин оргил дээр гарчихаад буух замдаа унаж амиа насаа алдсан тохиолдол гарсан. Лонхны хүзүү гэдэг маш хэцүү аваартай хэсгээс унаж амиа алдсан нь харамсалтай. Бас Канадын багийн нэг уулчин унаж нас барсан. Ингээд тэднийх авиралтаа үргэлжлүүлж чадаагүй буцсан.

-Та цаашид ямар авиралт хийхээр төлөвлөж байна вэ?

-Төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ одоохондоо зарламааргүй байна. Цаг хугацаа нь болохоор хэлнэ.

Дашрамд дуулгахад, миний баярласан талархсан сэтгэгдлийг намайг дэмжсэн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсье. Тамирчин хүн арын албагүй, ивээн тэтгэгчгүйгээр, ард нь баг ажиллахгүйгээр амжилт гаргахгүй юм шүү. Олон хүний хүч хөдөлмөрөөр тамирчин хүний амжилт гардаг. Бүх амжилтын ард зогссон Биеийн тамир спортын хорооны үе үеийн дарга нартаа баярлалаа. Мөн уулын холбоо байна. Дэрэ нь ивээн тэтгэсэн “Таванбогд” групп, Хаан банк, “Говь “компани, “Улаанбаатар гурил” компанийн удирдлагуудад их баярласан юм шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here