Хөвсгөл аймгийн “Хөвсгөл нэг үе” ОУХМ Д.Дэлгэрнямаар ахлуулсан Төв аймгийн “Төв Ургац” багтай учраа таарав. Азийн оюутны аварга Монголын залуучуудын шигшээ тоглогч О.Цэлмэг, Г.Чинбат нар “Хөвсгөл нэг үе” багт хүчин зүтгэж байгаа.
Тоглолт өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд хоёрдугаар үе тэнцүүхэн өндөрлөв. Харин гуравдугаар үеэс эхлэн “Хөвсгөл нэг үе” баг тэргүүллийг авсан бөгөөд Тайванхүү сайн тоглолт үзүүлж байлаа. Улмаар Хөвсгөл өрсөлдөгчөө 83:76-гаар өрсөлдөгчөө буулган авав. Тус тоглолтод Энхтайван 26, Тайванхүү 20 оноо авсан юм. Харин Төв аймгаас Д.Дэлгэрням 23 оноо, 14 самбар, Д.Мөнхтөр 11, Ц.Ганболд 10 оноо авсан байна. Төв аймаг багаараа алсын зайнаас 22 шидэлт хийж, ердөө нэгийг нь амжилттай болгожээ. Тэд мөн багаараа 33 хувьтай довтолсон нь хожигдлын шалтгаан болов.
Баянхонгор аймгийн баг улирлын ээлжит тулаанаа Спрайт супер лигийн хүчирхэг баг Хэнтий аймгийн “Хэнтий эбэг Хасумегаватт”-тай учраа таарав. Тоглолтын эхнээс багууд ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Улмаар тоглолт гурван үеийн турш өгөө аваатай үргэлжлэв. Харин дөрөвдүгээр үеийн дундаас эхлэн “Хэнтий Эбэг Хасумегаватт”-ын Эрдэнэцогт тун гайхалтай тоглож эхэлсэн юм. Түүний довтолгоо өмнөх гурван үед төдийлэн сайн болоогүй юм. Улмаар тэр тоглолтын төгсгөлийг гайхалтай хийж багаа ялалтад хөтлөв. Ийнхүү Хэнтий учраагаа 90:85-аар буулган авлаа. Тус тоглолтод Шижирбат 19, Эрдэнэцогт 17 оноо, 11 самбар авсан бол Эрдэнэболор 16 оноо авав. Харин Баянхонгороос Даваадорж, Ариунболд нар тус бүр 14 оноо, Анхбаяр 10 оноо авчээ. Баянхонгорчууд довтолгооны хувиар бага зэрэг тааруу тоглосон нь хожигдлын шалтгаан болсон юм.
Эрдэнэт хотын “Эрдэнэт Икон” улирлын дөрөв дэх тоглолтоо хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” багтай хийв. “Икон” багийн легионер Андре Уинстон өнөөдрийн тоглолтыг өнжсөн юм. Гэвч тоглолтын эхнээс Эрдэнэтчүүд тун сайн тоглолтыг үзүүлж байлаа. Улмаар тэд өрсөлдөгчөө 92:83-аар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо байгуулав. Тус тоглолтод Чадраавал гайхалтай байж, 26 оноо, найман самбар авсан юм. Мөн Гантулга 13 оноо, 11 самбар авчээ. Харин Ховдоос Д.Мөнхтүвшин 19 оноо, Болдбаатар 19 оноо, 12 самбар авсан байна. Ховд хэдий цаасан дээр хүчирхэг бүрэлдэхүүнийг бүрдүүлээд байгаа ч ойлголцон тоглоход хугацаа хэрэгтэй байгаа бололтой.