Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам болох юм.
Энэ талаар Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг:
“Монголын тусгай олимпын хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Монголын тусгай олимпын хороо таван жилийн өмнө байгуулагдсан. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир, спортоор дамжуулан эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, нийгэмших, найз нөхөдтэй болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой.
Энэ удаад Улаанбаатар хотын тусгай дөрвөн сургуульд сурагчдын төлөөлөл, хөдөө орон нутагт амьдардаг оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл зуны олимпод оролцоно. Мөн тусгай олимпын нэг онцлог нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд оюуны бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамтарч, багийн спортоор өрсөлддөг. Тиймээс хөлбөмбөг, ширээний теннис хамтарч тоглохоор үе тэнгийнх нь хамтран тоглогч нар мөн Абу Дабид очно.
Нийтдээ 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй зуны тусгай олимпод оролцоно. Энэ удаагийн олимпод дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцох мэдээлэл бий. Энэ нь дэлхийн тусгай олимпын 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп гэгдэж байна. Манай улсын түүхэнд ч гэсэн анх удаа олон буюу 28 тамирчин оролцож байна. Бид хүүхдүүдээ медал ав гэхээс илүүтэй тэмцээндээ оролцож, урам зоригтой болоосой гэж хүсэж байгаа” хэмээн танилцууллаа.
Монголын тусгай олимпын хороо байгуулагдсанаас хойш хоёр олимпод оролцож, 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон тусгай олимпын зуны наадмаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2017 онд Австрийн Граз хотноо зохион байгуулагдсан тусгай олимпын өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын талаар дээрх мэдээллийг сонссоны дараа “Найзуудаа манлайлж, итгэл найдвар, эерэг сэтгэлгээг бэлэглэн, спортоор хичээллэж, амжилттай яваа тамирчин хүүхэд залуус Та бүхнээр бахархаж байна. Амжилт хүсэж, дахин баяр хүргэмээр байна” гэсэн юм.