Нүүр хуудас Спорт Төрийн тэргүүн Тусгай олимпын баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Төрийн тэргүүн Тусгай олимпын баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

84
0
tusgai-olymp-bag-tamarchid
Төрийн тэргүүн Тусгай олимпын баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм.

Монгол Улсаас энэ олимпод 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гаруулан өгч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг олимпын наадамд амжилттай оролцож ирсэнд нь баяр хүргэн, хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогдох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт гээд олимпын цикл хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй хэмээн багш, дасгалжуулагчдад зөвлөлөө.

Уулзалтын үеэр хүүхдүүд олимпын наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here