Арабын нэгдсэн Эмират улсад болсон “Олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээн”-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, буудлага спортын ОУХМ Т.Баярцэцэг амжилттай оролцож, шагналт VI байрт шалгарлаа.
Тэрбээр 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны 6-р дасгал болон спорт гар бууны төрөлд тус бүр алтан медалийг хүртсэн юм. Ийнхүү Т.Баярцэцэг нь Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш дараалан аваргын алтан медалийг дөрвөнтөө хүртээд байна.
Монголын буудлага спортын чансаа тогтоох холбооны цомын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, чансаагаараа 1, 2 байрт шалгаран Азийн наадам болон ДАШТ-д оролцох эрхээ авч, тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод байгаа билээ.
ОУХМ Т.Баярцэцэг 2019 оны хоёрдугаар сард Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулах олимпийн эрх олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.