Нүүр хуудас Улс төр Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

172
0

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа.

Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор хийгдсэн байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр авто замын сүлжээг өргөтгөх шаардлага тулгамдаж байгаа гэв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болон хэтийн чиг хандлагад нийцүүлэх шаардлагын үүднээс Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, авто замын сүлжээг өргөтгөх шаардлага байгаа ч цаашид шинээр баригдах авто замын өртгийг бууруулахад анхаарах нь чухал. Жишээлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмалыг авто замын бүтээн байгуулалтад үнэ төлбөргүй ашиглуулах талаар шийдвэр гаргах шаардлага байгааг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар хувийн хэвшлийн байгууллагууд авто замын сүлжээг өргөтгөхөд оролцох сонирхолтой байдгийг тэмдэглэж байв. Нэгэнт эрх зүйн орчныг шинэчилж байгаа бол дэвшилттэй, үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөлт болох, шинэ боломж, гарцыг нээх хэмжээнд эрх зүйн орчныг шинэчлэх нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, авто замын бүтээн байгуулалт нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байгааг анхааруулаад, шинээр баригдсан авто замын баталгаат хугацаа нэг жил байдгийг уртасгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс гаргаж буй саналуудыг ажлын хэсэг анхаарч, төсөлд тусгах нь чухал болохыг Байнгын хорооны дарга хэлж байв. Ийнхүү санал хураалт явуулахад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн уг хуулийн төслийг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here