Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурал 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газраас анх оруулж ирсэн хуулийн төсөлд тусгагдсан хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн горимын саналыг оруулсан юм. Иймд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзнэ гэж заасны дагуу горимын санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.
Үүний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй найман саналын томьёолол бүрээр санал хураалгав. Тухайлбал, “Татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгагдсан салбарын ангилллын “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”-ийг нэмж тусгах саналыг хасах” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгагдсан салбарын ангилалд эсгий үйлдвэрлэл, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа, мод, жимс, жимсгэнэ үржүүлэг эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хасах нь зүйтэй гэж хэлэлцэн, дэмжсэн юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.