Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний гол түүхий эд болох ноосон утас, арьс шир гэх мэт бүтээгдэхүүнийг Вьетнам улс нь Монголоос импортлон, манай улсад элсэн чихэр, кофе, хүнсний ногоо, жимс экспортлох боломжтой талаар танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын гадаад харилцааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, менежмент зэргийг судалж байсан тухайгаа ярьж, энэ чиглэлээр худалдааг нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар санал солилцсон юм.
Мөн хоёр орны хамтын ажиллагааг соёл урлаг, спортын салбарт улам идэвхтэй хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналаа илэрхийллээ.
Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэх болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллах талаар мөн санал солилцов.