АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-аас 2016-2019 онд эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор Засгийн газрыг огцрохыг шаардаж, нэг сарын хугацаанд бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон гэдгээ АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэв. Мөн хүний эрх болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар мэдэгдэл гаргасныг танилцуулав.
АН-ын дарга С.Эрдэнэ “Нийгэмд бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж байна. Урд шөнө бензиний үнэ дахиад нэмэгдлээ. Цаашдаа дахиад хэдэн удаа, хэдээр нэмэгдэх нь тодорхой биш байна. Эрх баригчид үүнийгээ тайлбарлахдаа дэлхийн зах зээлтэй холбож байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь үнийн өсөлтийг хязгаарлах төрийн бодлого үгүйлэгдэж байгаа тод жишээ. Мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Энд хяналт тавьж, төрийн бодлогоор зохицуулж байгаа зүйл нэг ч алга. Тиймээс энэ хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэж харж байна. Хоёрт, иргэний аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал алдагдсан гэж харж байна. Нийгмийн гоц халдварт сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин сонсохоос ч айдас хүрмээр тоо баримтаар өсч үржиж байна. Энэ бол нийгэмд том аюул дагуулна гэж харж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоож, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Тиймээс АН-ын зүгээс сүрьеэгийн асуудалтай холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэхээс гадна, шаардлагатай гэвэл сайн ажиллаж чадахгүй байгаа сайдаас нь эхлээд холбогдох хүмүүсийг огцруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнөөдөр Засгийн газрын сайд нар нь авлига, УИХ-ын 50 гишүүн нь жижиг дунд болон концессын гэрээнд холбогдсон байдалтай байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь битгий хэл, үйл ажиллагаа явуулах ёс зүй, эрх зүйн чадамжгүй болсон гэдэг АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Өнөөгийн Засгийн газарт олон түмэн итгэл өгсөн, маш их дэмжсэн. Харамсалтай нь өнөөгийн Засгийн газар авлигачдыг, нийгмийн шударга бусын үрийг тарьж байгаа хүмүүсийг ивээлдээ авдаг, хамгаалдаг бослон. Жинхэнэ утгаараа шударга бус үйлийн эсрэг явдаг авлигачдын Засгийн газар болжээ. АН У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой гэж харж байна. Тиймээс тавдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Зөвхөн жагсаад зогсохгүй, бүтэн сарын хугацаанд улс төрийн эсэргүүцлийн томоохон акцыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.