Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан харъяалах Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ.
Түүнчлэн үг хэллэг, хууль зүйн техникийн талаас хийсэн засвар, өөрчлөлтийг тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
~Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав~
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Учрал, М.Оюунчимэг нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан юм.
Төслийг боловсруулахдаа Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу орон даяар хэлэлцүүлэг явуулсан болохыг Л.Энх-Амгалан гишүүн дуулгалаа.
Мөн УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг бүтэн жил ажиллаж, шаардлагатай тооцоо судалгааг хийж, холбогдох талуудтай ойлголцсон гэв.
Монгол Улс урьд өмнө багш нарын хөгжилд зориулж төсөв баталж байгаагүй, харин энэ хууль батлагдсанаар хувьсах зардлаас хоёр хүртэл хувийг багшийн хөгжилд зарцуулах эрх зүйн зохицуулалттай болох юм байна.
Үүнийн зэрэгцээ үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоонд манай улсын боловсролын салбар шилжих ач холбогдолтой гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Багш бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем өөрчлөгдөн, илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэмждэг болох аж.
Түүнчлэн бүрэн дунд боловсролын сургуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгох, их дээд сургуульд суралцаж байхдаа дадлагажигчаар ажиллахад түүнийг нь кердитэд тооцох зэрэг олон талын боломжийг шинээр бүрдүүлж байгаа юм байна.
Багш нар 5-10 жил ажиллаж байж зэрэг дэв нэмэх зохицуулалттай байсныг энэ төслөөр өөрчлөн ажлын өндөр үр дүн гаргах юм болох нэмэх бололцоог бүрдүүлж буйгаараа залуу багш нарт туйлын ач холбогдолтой аж.
Түүнчлэн 1 жил ажилласан багш, 10 жил ажилласан багшийн цалин ердөө 4000 төгрөгийн зөрүүтэй байгааг өөрчилж байгаа талаар Н.Учрал гишүүн тайлбарласан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 79.2 хувийн саналаар дэмжин Багшийн хөгжлийн тухай хуулийг баталлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Энэ хууль батлагдсанаар боловсролын салбар, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд ач холбогдолтой олон чухал асуудлуудыг шийдвэрлэгдэх юм.
Тухайлбал, сургуульд багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарынхаа хөгжлийг дэмжнэ.
1-2 дугаар ангийн ачаалал ихтэй ангиудад хүүхдийн тоо олон бол туслах багшийг ажиллуулах боломж бүрдэж байгаа юм.
Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Засгийн газар таван жил тутам багшийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байх үүргийг хүлээж байгаа юм.
Сайн ажилласан багш нар заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нэмэгдүүлэх юм шүү. Багш нарын мэдлэг боловсрол, нийгмийн асуудал, сургалтын чанарт чухал ач холбогдолтой хууль батлагдлаа.
Тиймээс хуулийг багш нарт зөв зүйтэй сурталчлан таниулахад УИХ-ын гишүүд анхаарч ажиллаарай” гэлээ.