Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Насреен Фатема Ауалыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр хоёр орны парламент, худалдаа бизнес, иргэд хоорондын гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй хатагтай Насреен Фатема Ауалд талархал илэрхийллээ.
УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд хатагтай Насреен Фатема Ауал талархал илэрхийлээд “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд тулгамдаад байгаа асуудал бол виз. Бангладеш Улсын иргэд, бизнесмэнүүд Монгол Улсын бизнесийн орчныг ихээхэн сонирхож, хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байдаг ч визний асуудал тун хүндрэлтэй байдаг юм.
Иймд уг асуудлыг шийдвэрлэх, визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр талууд санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Ажиллах хүчний солилцоо, эм зүйн салбар, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломж Бангладеш Улсад бий, мөн Монгол Улсаас төрөл бүрийн түүхий эд худалдан авах сонирхолтой байдгийг дэлгэрэнгүй танилцууллаа.
~Бангладеш Улс дахь Монгол Улсын өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа~
Өнгөрсөн оны 4 дүгээр сард Бангладеш Улсын Дакка хотноо болсон Олон улсын парламентын холбооны 136 дугаар ассамблейд Монгол Улсын төлөөлөгчид оролцох үеэр халуун дотноор хүлээн авч, дэмжлэг үзүүлсэнд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ.
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд энэ хүрээнд Бангладеш Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байдгийг дурдаад
“Монгол, Бангладеш хоёр орон газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр улс эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй” гэв.
Хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, холбож өгөх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад УИХ-ын дарга талархаад парламентын зүгээс бүрэн дэмжихээ илэрхийллээ.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх бололцоо бий гэдгийг тэмдэглэв.
“Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Парламентын гишүүдийг уулзуулж, нөхөрлөлийг бэхжүүлэх, бие биенээс суралцах, туршлага солилцох нь чухал нөлөөтэй гэж бодож байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Бангладеш Улсад саяхан монгол уран зураг, мөнгөн эдлэлийн үзэсгэлэн гарсан бөгөөд иргэдийн сонирхолыг ихээхэн татаж байсан талаар хатагтай Насреен Фатема Ауал дуулгаад Бангладешийн уран зураачид Монгол Улсад уран бүтээлийн аялал хийх сонирхолтой байсныг танилцуулав.
Уулзалтын үеэр хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, соёл боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтад УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс байлцлаа.