Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр /2019-05-15/ 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдэв.
Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарлаа.
Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.
Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.