Нүүр хуудас Улс төр БНСУ: Байнгын хороодын дарга нар Үндэсний Ассемблейн даргад бараалхав

БНСУ: Байнгын хороодын дарга нар Үндэсний Ассемблейн даргад бараалхав

85
0
solongos-undesnii-asamblein-darga-Mun-khe
Байнгын хороодын дарга нар Үндэсний Ассемблейн даргад бараалхав

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейн дарга Мүн Хэ Сан-д бараалхлаа.

Энэхүү уулзалтаар хоёр орны парламент хоорондын харилцааг цаашид хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.

Энэ үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассемблейн даргыг Монгол Улсад айлчлах албан ёсны урилгатайг нотолж, 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн орнуудын II чуулганд БНСУ-ын парламентын төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулахыг хүслээ.

Мөн БНСУ-аас Монгол Улсад хөгжлийн зээл, буцалтгүй тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2016 оноос хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтаар ярьж, шийдвэрлэсэн Монгол Улсын Байгалийн түүхийн музейг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барьж өгөхөөр болсон асуудалд Ассемблейн зүгээс анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Түүнчлэн, 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Койка” байгууллагын Зүүн Ази хариуцсан бүсийн захирал ноён Ли Жөн Октой уулзахдаа энэхүү асуудлыг хөндөж, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Байгалийн түүхийн музейг шинээр барьж өгөхөөр амлаж, энэ ажил хоёр талд эрчимтэй эхэлж байсан нь зогсонги байдалд орсонд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, музейн барилгын төсвийг шийдвэрлэж, ажлыг эхлүүлэх талаар “Койка”-гийн зүгээс анхаарал хандуулахыг хүссэн.

Ноён Ли Жөн Ок энэ асуудлыг ажил хэрэг болгоход зарим саад бэрхшээл байгааг дурдаад, хэрэгжүүлэх арга замыг хамтдаа хайх, тодруулах шаардлагатай байгааг хэлэв. Энэхүү уулзалтын үеэр байнгын хороодын дарга нар БНСУ-ын ард түмнээс өнгөрсөн хугацаанд “Койка”-гаар дамжуулан Монгол Улсын ард түмэнд буцалтгүй тусламж үзүүлэх болон олон төсөл хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here