Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсоор айлчлахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр /2019-03-25 /21.00 цагт газардав.
Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон бусад албаны хүмүүс угтлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноднин нэгдүгээр сард БНСУ-д айлчлахдаа, тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг эх орондоо урьсан юм. Тэрээр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийх аж. Мөн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.