Нүүр хуудас Улс төр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын суудал эзэнтэй боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын суудал эзэнтэй боллоо.

422
0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан бөгөөд түүний саналыг МАН-ын бүлэг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанаар 94,2 хувийн саналаар  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Г.Чулуунбаатарыг томиллоо.  Г.Чулуунбаатар нь 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2014 оноос Хамгаалуулах зөвлөлийн дарга , МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, 2008 оноос Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга  Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа билээ.  Хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Та цаашид их дээд сургуулийн менежментийг сайжруулаарай. Элсэлт авахад анхаараарай.  Бүгд хуульч, гадаад хэлтэй мэргэжилтэн болно гээд туульшраад байна. Мөн Их дээд сургууль төгссөн ажилгүйчүүд байна. Дөрвөн жил сургуульд цаг зав, мөнгөө төлж байгаа учраас чанартай мэргэжил эзэмших ёстой. Мөнгө нь орчхоод байхад барилга нь баригдахгүй байгаа объект бий. Академич Г.Чулуунбаатар: -Би өөрчлөлтийг эхлүүлэхийн төлөө ажиллана. Дээд боловсролын агуулгыг алдагдуулахгүй, улам сайжруулж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Салбарын сайд улс төрч, менежер байх ёстой. Яамныхаа уялдаа холбоог мэдэрч ажиллахгүй бол болохгүй шүү.  Улаанбаатар хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн ачаалал хэд дахин илүү байгаа. Багш, ажилчдын ажлын нөхцөл хэцүү байдаг учраас зуны амралтаар танилцаж, ажиллаасай гэж хүсэж байна. Боловсролын салбарт дутагдаад байгаа зүйл бол мэргэжилтэй боловсон хүчин, бүтээгч төгсгөх хэрэгтэй байна. Энэ засгийн газар өнөөдөр бүтээх салбарт анхаарал тавьж байгаа. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхэд анхаараарай. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайд болгон оролдсон. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийн бодлогоор оролддог сайд манайд байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Залуучууд маань хэр их бүтээлч байгаагаас улс орны хөгжил хамаарна. Та үүнд онцгой анхаарч ажиллаарай.  Боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль ямар уялдаа холбоотой яваад байна вэ.

УИХ-ын гишүүн Д.Ганболд: -Монгол Улсын хөгжлийн үндэс бол боловсрол юм. Энэ бодлого өндөр түвшинд байх ёстой. Нөгөө талдаа энэ олон их дээд сургуулийг цэгцэлмээр байна. Эцэг эхчүүд мөнгө санхүү бүх зүйлээ зориулж хүүхдээ сургадаг. Гэтэл сургууль төгсөөд ТҮЦ, лангуунд худалдагч хийгээд сууж байгаа тохиолдол их байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Нийслэл ачааллаа дийлэхгүй байна. Оюутан, сурагчид амрах цагаар л түгжрэл бага болдог. Тиймээс бид Багануур дүүрэгт  их дээд сургуулийг шилжүүлэх төсөл бэлдээд олон жил болж байна. Шилжүүлэх гэхээр их дээд сургуулийн захирал нь лоббидоод энд үлдчихдэг. Цаашид шинээр нээгдэж байгаа их дээд сургуулийг Багануурт нээх зөвшөөрөл өгдөг байгаач гэж хүсэж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here